• 2025-04-25 09:10:21

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛГЧДЫН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАРИМ АСУУДЛУУД

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛГЧДЫН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАРИМ АСУУДЛУУД

Үндэслэл

Хүүхэд, өсвөр үе бол хүний амьдралын бие хүн болон төлөвших чухал үе шат юм. Бие махбод, сэтгэл санаа, нийгмийн сөрөг өөрчлөлт (ядуурал, дайн, хүчирхийлэл зэрэг) нь өсвөр насны хүүхдүүдийг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөмтгий болгодог байна. Өсвөр насныхныг зовлон бэрхшээлээс хамгаалах, нийгэм-сэтгэл санааны боловсрол, сэтгэл зүйн сайн, сайхан байдлыг дэмжих, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй олгох нь насанд хүрсэн хүний эрүүл мэнд, сайн сайхан байдалд нэн чухал юм. Учир нь бага насанд тохиолдсон сэтгэлзүйн гэмтэл тухайн хүүхдийг эрүүл аж төрөх, нийгэмших үйл явцад саад учруулдаг. Дэлхий дахинд хүүхэд өсвөр үеийнхний 14.0% нь сэтгэцийн болон зан төрхийн асуудалтай тулгардаг гэсэн тоо баримт байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар өсвөр насны 7 хүүхэд тутмын 1 нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, амиа хорлолт нь тэдний нас баралтын шалтгааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна[1]. Мөн АНУ-д хийгдсэн судалгаагаар 4-17 настай хүүхдүүдийн 56.0% нь сэтгэцийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай гэж тогтоогдсон. Монгол улсад өсвөр үеийнхний 25.7% нь ганцаардал болон сэтгэл гутралд ордог гэсэн судалгааны дүн байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай өсвөр насныхан нийгмээс гадуурхагдах, бусдыг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох, сурч боловсрох байдал алдагдах, эрсдэлд орох, бие махбод, эрүүл мэндийн хэвийн байдал алдагдах, хүний эрхийн зөрчилд өртөмтгий болдог байна[2]. Иймд суралцагчдын ганцаардал, нойргүйдэл, стресс, бухимдлаа хэрхэн удирдах болон амиа хорлох бодол төрж байсан эсэх, төлөвлөж байсан эсэх, оролдлого хийж байсан эсэх зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдаж байгаа асуудлуудыг судлах шаардлага байна.

Судалгааны арга зүй

Судалгааг  хоёр шатлалт, санамсаргүй түүврийн аргаар гүйцэтгэсэн. Нийт 51 сургуулийн 3857 суралцагчдыг сонгосноос 3311 суралцагч хамрагдаж, сургууль хамрагдалт 100%, суралцагчдын хамрагдалт 85.9%-тай байв. Хоёр шатлалт кластер түүвэрлэлтийн аргаар хийгдсэн судалгааны үр дүнд хариултгүй асуултын нөлөөлөх нөлөөллийг багасгахын тулд үр дүнг жинлэж, жинлэсэн үр дүн нь ЕБС-ийн 8-12 дугаар ангийн бүх суралцагчдын эрүүл мэндийн зан үйлийн эрсдэл, хамгаалах хүчин зүйлстэй холбоотой мэдээллийг төлөөлсөн болно. Судалгааны арга, аргачлалыг НЭМҮТ-ийн дэргэдэх Эрдмийн зөвлөлийн 2022 оны 12 сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, ЭМЯ-ны дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, 23/018 дугаар тогтоолоор судалгаа хийх зөвшөөрөл авсан. Санамсаргүй түүврээр сонгогдсон суралцагчдын эцэг, эх, асран хамгаалагч нараас судалгаанд оролцох зөвшөөрөл авсан. Харин эцэг эх, асран хамгаалагч нар нь судалгаанд хамруулахаас татгалзсан, суралцагч өөрөө татгалзсан, монгол хэлээр уншиж, ойлгох чадваргүй болон оюуны хомсдолтой суралцагчдыг судалгаанд хамруулаагүй болно.

Статистик боловсруулалт

Монгол улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 8-12 дугаар ангийн нийт суралцагчдыг төлөөлөхүйц түүврийг тооцоолохдоо итгэх хязгаар (ИХ)-ыг 95%, статистикийн илрэх магадлал 80%, алдааны хязгаарыг 5 хувиас хэтрэхгүй байхаар тооцоолсон болно.

Үр дүн

Судалгаанд хотын 26, хөдөөгийн 25 төрийн болон хувийн ЕБС-ийн 8-12 дугаар ангийн өдрөөр суралцдаг нийт 3311 суралцагч хамрагдсаны 47.9% нь эрэгтэй, 52.1% нь эмэгтэй байлаа. (Хүснэгт 1). Суралцагчдын 24.3% (95%CI 22.2-26.4) байнга ганцаарддаг байна. Байнга ганцаарддаг эмэгтэй суралцагчдын хувь эрэгтэй суралцагчдаас ойролцоогоор 2 дахин их байна. Байршлаар нь авч үзэхэд хөдөө орон нутагт 18.1% (95%CI 15.6-21.0), хотод 26.1% (95%CI 23.5-28.9) байна.  Ямар нэг зүйлд санаа зовсноос болж шөнө унтаж чадаагүй суралцагчид 12.5% (95%CI 10.8-14.5) бөгөөд энэ үзүүлэлт эмэгтэй суралцагчдад (16.4%, 95%CI 14.0-19.1) илүү байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд амиа хорлох талаар бодож байсан 39.0% (95%CI 36.3-41.8), төлөвлөж байсан  22.2% (95%CI 20.0-24.6), нэг ба түүнээс олон удаа оролдлого хийсэн 15.8% (95%CI 13.8-18.0) байна. Дотны сайн найзгүй гэж хариулсан суралцагчдыг хүйсийн хувьд харьцуулахад эмэгтэй суралцагчид (9.9%, 95%CI 7.7-12.5) эрэгтэй суралцагчдаас (6.6%, 95%CI 5.3-8.2) их байлаа. Нийт суралцагчдын 46.4% хичээлийн жил эхэлснээс хойш стресс, уур бухимдаа хэрхэн удирдах талаар хичээл, сургалтад хамрагдаж байсан байна (Хүснэгт 2).

Амиа хорлох талаар бодож байсан суралцагчдыг байршлаар нь харьцуулан авч үзэхэд хотод 41.7% (95%CI 38.0-45.4), хөдөөд 29.5% (95%CI 26.2-33.1) байна. Энэ үзүүлэлтийг насны бүлэг, хүйсээр нь харьцуулан авч үзэхэд 13-15 насны эмэгтэй суралцагчдад хамгийн их буюу 49.4% (95%CI 44.1-54.7)-тай байна (Зураг 1).

Хэлцэмж

Өсвөр үеийнхэнд насны онцлог, сэтгэл хөдлөл, зан үйл, сурахтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудал байнга тохиолддог байна[2]. 2013 онд хийгдсэн судалгааны дүнгээр суралцагчдын 11.9% нь ганцаарддаг байсан[4] бол энэ судалгааны дүнгээр 24.3% буюу ойролцоогоор 2 дахин их болж өссөн байна. Ямар нэг зүйлд санаа зовсноос болж шөнө унтаж чадаагүй суралцагчид 12.9% байгаа нь мөн 2 дахин өссөн байна.

Амиа хорлох талаар бодсон, төлөвлөсөн, оролдлого хийсэн суралцагчид 2010, 2013 оны судалгааны дүнтэй харьцуулахад ихэссэн байна. Тухайлбал 2010 оны судалгааны дүнгээр суралцагчдын 19.3% нь амиа хорлохоор бодож, 12.4% нь амиа хорлохоор төлөвлөж, 8.6% нь амиа хорлохоор оролдож байсан[3,4] бол эдгээр үзүүлэлтүүд энэхүү судалгаагаар 38.9%, 22.0%, 15.7% болж ойролцоогоор 2 дахин болж өссөн байна.

Мөн дотны найзгүй суралцагчид 7.9% байгаа бөгөөд 2010, 2013 онд хийгдсэн судалгааны дүнгээс өссөн байна. Хичээлийн жил эхэлснээс хойш стресс, бухимдлаа хэрхэн удирдах талаар хичээл, сургалтад хамрагдаж байсан суралцагчид 2010 онд 38.0%, 2013 онд 35.3% байсан бол 2023 онд 46.4% болж өссөн сайн үзүүлэлттэй байна. 2015 онд Индонези улсад хийсэн судалгаагаар суралцагчдын 5.1% нь амиа хорлох оролдлого хийж байсан[6] бөгөөд энэ үзүүлэлт ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн орнууд болох Лаосд 5.9%, Самаод 22.3%, Ниуэд 10.8% байна [5,7,8]. Эдгээр судалгааны дүнтэй харьцуулахад манай улсад энэ үзүүлэлт 15.7% буюу Индонези, Лаос улсын суралцагчдын үзүүлэлтээс 3 дахин их, Самао улсын суралцагчдын үзүүлэлтээс бага үзүүлэлттэй байна.

Манай улсад 2018 оноос эхлэн ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг багтаан, зааж эхэлсэн хэдий ч судалгааны үр дүнгээс харахад эрүүл мэндтэй холбоотой сөрөг үзүүлэлтүүд ихэссэн нь хичээлийн  үр дүн хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Тиймээс цаашид эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг үнэлэх, шинэчлэн боловсруулах шаардлагатайгаас гадна өсвөр үеийнхний эрүүл мэнд ялангуяа сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, хувь хүний асуудлын гарцыг олох, бэрхшээлийг даван туулах дадалд чиглэсэн үр дүнтэй ажлыг хийх шаардлагатай байна. 

 Дүгнэлт

Судалгаанд хамрагдсан 4 суралцагч тутмын нэг нь байнга ба тэр дундаа эмэгтэй суралцагчид илүүтэй ганцаардалд өртөж байна. Нийт суралцагчдын 39.0% нь  амиа хорлох талаар бодож, 22.2% нь амиа хорлохоор төлөвлөж байжээ. Харин нэг ба түүнээс олон удаа амиа хорлох оролдлого хийсэн суралцагчдын эзлэх хувь 15.8% байгаа нь 2013 оны судалгааны дүнгээс өссөн үзүүлэлттэй байна. Амиа хорлох талаар бодож, төлөвлөж, оролдлого хийсэн үзүүлэлт нь эмэгтэй суралцагчдын дунд илүү байгаа нь статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байлаа. ЕБС-ийн суралцагчдын дийлэнх хэсэг нь сэтгэл зүйн ямар нэг асуудалтай тулгардаг хэдий ч тэдний тал нь буюу 2 суралцагчийн нэг нь стресс, уур бухимдлаа удирдах, хэрхэн зөв аргаар тайлах талаар хичээл, сургалтад хамрагдсан байна.

 Ном зүй

1.     https://www.who.int/news-room/fact-sheets/detail/adolescent-mental-health

2.     Өсвөр үеийнхэнд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ 2018.

3.     Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа-Монгол, 2010

4.     Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа-Монгол 2013

5.     Global School based Student Health Survey, Laos 2015, Fact sheet

6.     Global School based Student Health Survey, Indonesia 2015, Fact sheet

7.     Global School based Student Health Survey, Samao 2017, Fact sheet

8.     Global School based Student Health Survey, Niue 2019, Fact sheet

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

3

2025-04-25

он