-
2025-04-25 09:34:43
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 2019-2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ БҮРТГЭГДСЭН ХИМИЙН БОДИСЫН ХОРДЛОГЫН ТОХИОЛДОЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 2019-2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ БҮРТГЭГДСЭН ХИМИЙН БОДИСЫН ХОРДЛОГЫН ТОХИОЛДОЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Үндэслэл
Химийн бодисын хордлого нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал бөгөөд богино хугацаанд хүний бие махбодын эрхтэн тогтолцоонд нөлөөлж, цаашлаад амь насаа алдах эрсдэлд хүргэдэг хурц эмгэг юм[1]. Хордлогын тохиолдол, түүний шинж чанар нь улс орнуудын тархвар судлалын мэдээллийн ялгаатай байдлаас ихээхэн хамаардаг ба хөгжингүй орнуудад зөвхөн хордлогод чиглэсэн хордлогын төвүүд ажилладаг тул тандалт, хариу арга хэмжээ илүү боловсронгуй байна. Цаг үе, хүмүүсийн амьдралын хэв маягийн өөрчлөлт, химийн бодисын олдоц, нийгмийн зан үйл зэргээс шалтгаалж цочмог хордлогын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр 2019 онд химийн бодисын хордлогын улмаас дэлхий даяар 193.460-аас 2 сая хүний амь эрсдэж, 53 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон байна[2]. Нас баралтын 91% нь бага, дунд орлоготой орнуудад тохиолджээ[3]. Монгол улс ДЭМБ-ын гишүүн орны хувьд 2030 он гэхэд химийн бодисын цочмог хордлогын тохиолдлыг 2 дахин, химийн хордлогын шалтгаант архаг өвчлөлийг 10 хүртэл хувиар бууруулах, хор, хордлого судлалын үндэсний лавлагаа төв байгуулж, хор хордлого судлалын үндэсний тогтолцоог бүрдүүлэх зорилт тавьсан. Гэсэн хэдий ч манай улсад химийн бодисын хордлогын тохиолдол, үйл явдлыг бүртгэх, мэдээлэх, тандах нэгдсэн мэдээллийн сан байхгүй, одоогийн тогтолцоо сул байгаагаас үндэсний хэмжээнд өвчлөлийн бүртгэл судалгаа, статистик тоон мэдээ зөрүүтэй, хангалтгүй байсаар байнa[4]. Эрүүл мэндийн сайдын 2013 оны А/467 дугаар тушаалын дагуу 2018 оноос хойш Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-д мэдээлэгдсэн химийн хордлогын тохиолдлуудад дүн шинжилгээ хийж, химийн бодисын хордлогын илрүүлэлт, тандалт, бүртгэл, мэдээллийг сайжруулах, иргэд, аж ахуй нэгж байгууллагад чиглэсэн урьдчилсан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилсан баримт тоон мэдээллийн үндэслэл болно.
Зорилго
Химийн бодисын цочмог хордлогын тохиолдолд дүн шинжилгээ хийж, хордлогын тохиолдлыг бууруулах чиглэлээр иргэд болон шийдвэр гаргагчдад зориулсан сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулах
Материал, арга зүй
Судалгааг баримтын бичиглэл судалгааны загвараар НЭМҮТ-д 2019 оноос хойш 2024 оны эхний хагас жилд бүртгэгдсэн химийн хордлогын 2863 тохиолдлын тоон мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээг хийв.
Үр дүн
2019-2024 онд химийн бодисын хордлогын нийт 13197 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс нас баралтын 135 тохиолдол бүртгэгдсэн байна. 2019-2024 онд гарсан химийн хордлогын тохиолдлыг шалтгаанаар нь авч үзвэл угаарын хийн цочмог хордлого 78.3 хувиар (n=10334) тэргүүлж байна (Зураг 1). Угаарын хийн цочмог хордлогоос бусад хордлогод өртсөн иргэдийг насны бүлгээр авч үзвэл хамгийн их буюу 685 тохиолдол 0-4 насны бүлэгт бүртгэгджээ. Хүйсийн ялгаатай байдлаар нь авч үзвэл эрэгтэйчүүд 48.4 хувь(n=1386 ), эмэгтэйчүүд 51.6 хувийг (n=1477) тус тус эзэлж байна (Хүснэгт 1).
2019-2023 оны буюу 5 жилийн дунджийг тодорхойлоход жилд дунджаар 430 орчим тохиолдол гардаг байна. 2023 онд хамгийн их буюу 868 тохиолдол бүртгэгдсэн бол 2021 онд хамгийн бага буюу 127 тохиолдол бүртгэгджээ. 2024 оны эхний хагас жилийн байдлаар 5 жилийн дундаж үзүүлэлтийг давсан байгаа нь цаашид химийн бодисын цочмог хордлого өсөх хандлагатайг харуулж байна (Зураг 2). Химийн хордлогын сэдэл буюу аливаа химийн бодист санаатай болон санамсаргүй өртсөн байдлыг жил бүрээр тус тус хувиар харуулсан ба нийт 2863 тохиолдлоос химийн бодист санамсаргүй хордлого 61.1 хувийг харин химийн бодисын санаатай хордлого 38.9 хувийг эзэлж байна. 2020 онд санаатайгаар эм, химийн бодисын хордлогод өртөх тохиолдол бусад онуудаас ихэссэн байна (Зураг 3). Химийн бодисын цочмог хордлогод санамсаргүй өртсөн нийт 1750 тохиолдлын 59.1 хувийг (n=1032) 0-4 насны бүлэг эзэлж байгаа юм. Шалтгааныг авч үзвэл эцэг, эхийн хараа хяналт сул, ахуйн эм, химийн бодисыг зориулалтын газар хадгалаагүй, андуурч хэрэглэсэн зэргээс үүссэн байна (Хүснэгт 2).
0-4 насны бүлгийн химийн цочмог хордлогыг оношийн төрлөөр ялгаатай авч үзвэл нийт 1032 тохиолдлын 54.9 хувийг (n=567) эмийн бодисын хордлого байсан ба витамин, даралт, зүрх судасны эмийг хамгийн их хэрэглэсэн байна. Химийн бодисын хордлого 45.1 хувийг (n=465) эзэлж байгаа бөгөөд хлорамин, белизна, хулганы хор зэрэг ахуйн болон цэвэрлэгээнд хэрэглэдэг химийн бодисд бага насны хүүхдүүд санамсаргүй өртөх нь их тохиолдсон байна (Зураг 4,5).
2019-2024 онд химийн цочмог хордлогод санаатай буюу тодорхой нэг сөрөг сэдлээр эм, химийн бодис хэрэглэсэн нийт 1113 тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл 20-29 насны залуучууд санаатайгаар эм, химийн бодис хэрэглэх нь дийлэнх хувийг эзэлж байна (Хүснэгт 3).
Санаатай хордлогыг шалтгаанаар нь авч үзвэл 71.6 хувийг (n=797) эмийн бодис, 28.4 хувийг 316 (n=316) химийн бодис эзэлж байна. Тодорхой нэг сөрөг сэдлээр эмийн бодис хэрэглэн хордлогод өртсөн тохиолдлуудаас 58 хувь нь олон төрлийн эм хольж уух, 28 хувь нь тодорхойгүй эм, 14 хувь нь аливаа нэг эмээс тун хэтрүүлэн хэрэглэсэн байх ба эмийн төрлөөс сэтгэц нөлөөт эм, даралт буулгах, зүрх судас, нойрны эмүүд хэрэглэх нь хамгийн түгээмэл байна (Хүснэгт 4).
2019-2024 онд бүртгэгдсэн химийн цочмог хордлогын тохиолдлыг байршлаар нь авч үзэхэд дийлэнх хувь нь Улаанбаатар хотод (n=2295) бүртгэгдсэн ба орон нутагт 9.4 хувь (n=217), мөн хаяг тодорхойгүй 15.2 хувь (n=351) тохиолдол байна. Үүнээс дүүргээр авч үзэхэд хамгийн их тохиолдол 32 хувь (n=735) Баянзүрх, хамгийн бага тохиолдол 0.005 (n=1) Багахангай дүүрэгт тус тус бүртгэгдсэн байна (Зураг 6). Аймгуудаар авч үзэхэд Төв аймагт 18.9 хувь (n=41) хамгийн их тохиолдол бүртгэгдсэн байна (Зураг 7).
Хэлцэмж
Бидний судалгааны үр дүнгээс харахад санамсаргүйгээр химийн хордлогод өртөх тохиолдол 61.1 хувьтай (n=1750), санаатай химийн хордлого 38.9 хувь (n=1113) тохиолдол байгаа нь Хятад санамсаргүй, 70.2 хувь санаатай, 16.4 хувь 2012-2020[5], Турк санамсаргүй, 72.9 хувь; санаатай 24.1 хувь 2019[6], Малайз (санамсаргүй, 47 хувь; санаатай 20.7 хувь)[7] зэрэг орнуудтай харьцуулахад химийн хордлогын сэдлийн хувьд манай оронд санаатай хордлого илүү их тохиолджээ. Насны бүлгийн хувьд санамсаргүй шалтгаант хордлогоор Турк 0-5 нас, 44.1 хувь 2019[6], Иран 0-4 нас 65.2 хувь[8], Египет 6-аас доош нас, 52 хувь[9] зэрэг улсад бага насны хүүхэд дийлэнх байгаа бол бидний судалгаатай ижил төстэй мөн 0-4 насныхан 58.9 хувь (n=1032) тохиолдол; хамгийн их өртөж байв. Бага насны хүүхдүүдийн хордлогын шалтгаан нь эм, ахуйн болон цэвэрлэгээний бүтээгдэхүүн байгаа нь Тайван 41.4 хувь[13], Япон 75.2 хувь[14], Өмнөд Африк 45.7 хувь[15] зэрэг улсын судалгааны дүнтэй нийцэж байгаа хэдий ч зарим орнуудад эм, ахуйн бүтээгдэхүүн нь пестицидийн шалтгаант цочмог хордлогын дараа бичигдэж байна[5],[9],[13]. Манай оронд газар тариалан төдийлөн хөгжөөгүй тул пестицидийн хордлого ховор бүртгэгддэг хэдий ч ахуйд өргөн хэрэглэгддэг эм, химийн бодис бусад орнуудын пестицидээс үл шалтгаалах хордлогын тооноос харьцангуй өндөр хувьтай байна. Энэ нь бага насны бүлгийн хувьд эцэг, эхийн хараа хяналт сул эм, химийн бодисын хаяглалт, хадгалалтын талаар мэдлэг дутуу, сэрэмж багатай байгааг харуулж байна. Насанд хүрэгчдийн хувьд цочмог хордлогын шалтгаан пестицид болон эмийн бодис тэр дундаа өвчин намдаах, сэтгэл гутралын эсрэг, тайвшруулах эм орж байна[13],[14],[19]. Бидний судалгаанд мөн насанд хүрэгчдийн дунд эмийн бодисын хордлого 59.1 хувь тэр дундаа сэтгэц нөлөөт, харшлын, нойрны, зүрх, судасны эмүүдэд хордох тохиолдол дийлэнх хувийг эзэлж байв.
Санаатайгаар эм, химийн бодис хэрэглэсэн хордлогын хамгийн их тохиолдол бүртгэгдсэн нас 20-29 байгаа нь Энэтхэг[20], Тайланд[16], Хятад[10] зэрэг орнуудад хийгдсэн бусад судалгааны дүнтэй дүйж байна. Залуучуудын дунд амиа хорлох тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нь ажилгүйдэл, гэр бүл салалт, эдийн засгийн тогтворгүй байдал зэргээс үүдсэн нийгмийн стресс байх магадлалтай тул насанд хүрэгчдэд чиглэсэн стресс, уур бухимдлаа зөв аргаар тайлах менежмент, сэтгэлзүйн байдлыг дэмжих сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийг тогтмол өгөх шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Дүгнэлт
Химийн бодисын цочмог хордлогын тохиолдол сүүлийн 5 жилийн дундаж үзүүлэлтээс давсан байгаа нь цаашид өсөх хандлагатай байна. Насанд хүрэгчдийн дунд буюу 20-29 насныхан санаатайгаар хордох тохиолдол өндөр байгаа бөгөөд эмийн төрлөөс сэтгэц нөлөөт, нойр, зүрх судасны эмүүд түгээмэл байсан бол химийн бодисын хувьд архины хордлого дийлэнх хувийг эзэлж байна.
Ном зүй
1. CDC, “Carbon Monoxide Surveillance.” https://www.cdc.gov/co/surveillance/routine.htm#print (accessed Nov. 16, 2022).
2. T. Deniz, H. Kandis, O. Eroglu, H. Gunes, M. Saygun, and I. H. Kara, “Carbon monoxide poisoning cases presenting with non-specific symptoms,” Toxicol. Ind. Health, vol. 33, no. 1, pp. 53–60, Jan. 2017, doi: 10.1177/0748233716660641.
3. M. Li, B. Shan, X. Peng, H. Chang, and L. Cui, “An urgent health problem of indoor air pollution: results from a 15-years carbon monoxide poisoning observed study in Jinan City,” Sci. Rep., vol. 13, no. 1, Dec. 2023, doi: 10.1038/s41598-023-28683-0.
4. C. Mattiuzzi and G. Lippi, “Worldwide epidemiology of carbon monoxide poisoning,” Hum. Exp. Toxicol., vol. 39, no. 4, pp. 387–392, Apr. 2020, doi: 10.1177/0960327119891214.
5. Z. Li, L. Xiao, L. Yang, S. Li, and L. Tan, “Characterization of Acute Poisoning in Hospitalized Children in Southwest China,” Front. Pediatr., vol. 9, no. December, pp. 1–9, 2021, doi: 10.3389/fped.2021.727900.
6. M. Bulut, D. Küçük Alemdar, A. Bulut, E. Tekin, and K. Çelikkalkan, “Evaluation of accidental and intentional pediatric poisoning: Retrospective analysis in an emergency Department of Turkey,” J. Pediatr. Nurs., vol. 63, pp. e44–e49, Mar. 2022, doi: 10.1016/j.pedn.2021.10.015.
7. R. Rajasuriar, R. Awang, S. B. H. Hashim, and H. R. B. H. Rahmat, “Profile of poisoning admissions in Malaysia,” Hum. Exp. Toxicol., vol. 26, no. 2, pp. 73–81, 2007, doi: 10.1177/0960327107071857.
8. S. Sahin, K. B. Carman, and E. C. Dinleyici, “Acute poisoning in children; data of a pediatric emergency unit,” Iran. J. Pediatr., vol. 21, no. 4, pp. 479–484, 2011.
9. S. M. S. Azab et al., “Epidemiology of acute poisoning in children presenting to the poisoning treatment center at Ain Shams University in Cairo, Egypt, 2009-2013,” Clin. Toxicol., vol. 54, no. 1, pp. 20–26, 2016, doi: 10.3109/15563650.2015.1112014.
10. Y. Zhang, B. Yu, N. Wang, and T. Li, “Acute poisoning in Shenyang, China: a retrospective and descriptive study from 2012 to 2016,” BMJ Open, vol. 8, no. 8, p. e021881, Aug. 2018, doi: 10.1136/bmjopen-2018-021881.
11. C. Güloǧlu and I. H. Kara, “Acute poisoning cases admitted to a university hospital emergency department in Diyarbakir, Turkey,” Hum. Exp. Toxicol., vol. 24, no. 2, pp. 49–54, 2005, doi: 10.1191/0960327105ht499oa.
12. S. Chatterjee, V. Verma, A. Hazra, and J. Pal, “An observational study on acute poisoning in a tertiary care hospital in West Bengal, India,” Perspect. Clin. Res., vol. 11, no. 2, pp. 75–80, 2020, doi: 10.4103/picr.PICR_181_18.
13. J. Lee et al., “Clinical spectrum of acute poisoning in children admitted to the pediatric emergency department,” Pediatr. Neonatol., vol. 60, no. 1, pp. 59–67, 2019, doi: 10.1016/j.pedneo.2018.04.001.
14. K. Goto, Y. Endoh, Y. Kuroki, and T. Yoshioka, “Poisoning in children in Japan,” Indian J. Pediatr., vol. 64, no. 4, pp. 461–468, 1997, doi: 10.1007/BF02737750.
15. N. Malangu and G. A. Ogunbanjo, “A profile of acute poisoning at selected hospitals in South Africa,” South. African J. Epidemiol. Infect., vol. 24, no. 2, pp. 14–16, 2009, doi: 10.1080/10158782.2009.11441343.
16. J. Saoraya and P. C. Inboriboon, “Acute Poisoning Surveillance in Thailand: The Current State of Affairs and a Vision for the Future,” ISRN Emerg. Med., vol. 2013, no. July, pp. 1–9, 2013, doi: 10.1155/2013/812836.
17. S. Shadnia, H. Esmaily, G. Sasanian, A. Pajoumand, H. Hassanian-Moghaddam, and M. Abdollahi, “Pattern of acute poisoning in Tehran-Iran in 2003,” Hum. Exp. Toxicol., vol. 26, no. 9, pp. 753–756, 2007, doi: 10.1177/0960327107083017.
18. Bavunoglu, C. M. Faculty, and M. Faculty, “Characteristics Poisoning,” vol. 2004, no. May, pp. 347–351, 2004.
19. K. E. Hovda et al., “Acute poisonings treated in hospitals in Oslo: A one-year prospective study (I): Pattern of poisoning,” Clin. Toxicol., vol. 46, no. 1, pp. 35–41, Jan. 2008, doi: 10.1080/15563650601185969.
20. C. M. Kokatanur, “Pattern of Acute Poisoning in Karad,” Medico-Legal Updat., vol. 16, no. 1, p. 178, 2016, doi: 10.5958/0974-1283.2016.00039.6.