• 2025-04-25 09:53:03

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ИЛҮҮДЭЛ ЖИН, ТАРГАЛАЛТЫН ТАРХАЛТ БА БИЕИЙН БҮТЦИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ИЛҮҮДЭЛ ЖИН, ТАРГАЛАЛТЫН ТАРХАЛТ БА БИЕИЙН БҮТЦИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ

Үндэслэл

Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгод халдварт бус өвчин (ХБӨ-)өөс сэргийлэх, түүнийг эмчлэх замаар “ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25%, хөдөлгөөний хомсдолыг 10%-аар бууруулах” зорилт дэвшүүлсэн[1]. Дэлхийд насанд хүрсэн хүн амын 13% нь таргалалттай жилд дунджаар 3.4 сая хүн нас бардаг[2]. Биеийн жин нэмэгдэж биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээ хуримтлагдаж таргалалт үүсдэг. Таргалалт нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолтой өндөр хамааралтай ба зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болдог[3]. Монгол Улсын хүн амын нас баралтын шалтгааны 85.9%-ийг ХБӨ эзэлж, 3 хүн тутмын 1 нь цусны эргэлтийн тогтолцооны өвчин, 4 хүний 1 нь хавдрын улмаас нас барж байна[4]. Манай улсад 15-69 насны хүн амын 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай, тав хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн 46.2%, 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8%, сургуулийн бага ангийн 4 сурагч бүрийн 1 нь, 5 хүртэлх насны 8 хүүхэд тутмын 1 илүүдэл жин ба таргалалттай байгаа нь биеийн жинг нэмэгдүүлэх нөлөөтэй эрсдэлт зан үйл хүн амын дунд бага наснаас эхлэн түгээмэл байгааг илэрхийлж байна[5]. Монгол улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн насны хүн амын 6.3%-ийг төрийн албан хаагчид эзэлдэг. Бид төрийн албан хаагчдын илүүдэл жин, таргалалт ба биеийн бүтцийн зарим үзүүлэлтийг нас, хүйс, байршил ба төрийн албаны ангиллаар харьцуулан судлах зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэв.

Зорилго

Монгол улсын 18-60 насны төрийн албан хаагчдын илүүдэл жин, таргалалт ба биеийн бүтцийн зарим үзүүлэлтийг нас, хүйс, байршил ба төрийн албаны ангиллаар харьцуулан судлах

Материал арга зүй

Монгол улсын 18-60 насны нийт 205011 төрийн албан хаагчдыг төлөөлүүлэн 4 аймгийн, Улаанбаатар хотын 4 дүүргийн нийт 1252 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулав. Судалгааг аналитик судалгааны зорилтот бүлэгт суурилсан агшингийн загвараар гүйцэтгэж, мэдээллийг антропометрийн хэмжилтийн аргаар цуглуулсан. Илүүдэл жин ба таргалалтын тархалтыг биеийн жингийн индекс (БЖИ)-ийн аргачлалаар хоол тэжээлээс хамааралтай эмгэгийг илрүүлэх дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын шалгуур үзүүлэлтийг ашиглан үнэлсэн[6], төвийн таргалалтын тархалтыг бүсэлхийн тойргийн хэмжээгээр ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтээр, биед агуулагдах өөхөн эдийн хэмжээ, хэвлийн өөхлөлтийг 0.1%-ийн нарийвчлалтай электрон жинлүүр (ТАНИТА ВС-587) электрон жинлүүрийг ашиглан биеийн жинд эзлэх хувиар тодорхойлж, лавлагаа үзүүлэлтийг ашиглан үнэлж, тархалтыг төрийн албан хаагчдын нас, хүйс, байршил ба төрийн албаны ангиллаар харьцуулсан болно[8]. Мэдээллийн баазыг EPIDATA 3.1 программд үүсгэж, статистик боловсруулалтыг SPSS 22 программыг ашиглан үр дүнгийн боловсруулалт хийж, давтамж болон дундаж утгын бүлэг хоорондын (нас, хүйс, хот, хөдөө, төрийн албаны ангилал) ялгааг тодорхойлоход итгэх хязгаарын утгуудыг ашиглан тооцов. Судалгааны аргачлалыг НЭМҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2 дугаар 

хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. ЭМЯ-ны дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж, 260 дугаар тогтоолоор судалгааг явуулах ёс зүйн зөвшөөрөл авч гүйцэтгэв.

 Үр дүн

Судалгаанд 4 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүргийн 18-60 насны 1252 төрийн албан хаагчид хамрагдсан бөгөөд тэдгээрийн 49.5% нь эрэгтэйчүүд, 50.5% нь эмэгтэйчүүд байв. Төрийн албан хаагчдын 54.2% (95%ИХ 51.8-56.7) нь илүүдэл жин ба таргалалттай байна. Илүүдэл жин ба таргалалтын тархалт хүйсээр ялгаатай байв. Гэхдээ уг үзүүлэлтийг насны бүлэг ба хүйсээр харьцуулан үзвэл илүүдэл жин ба таргалалттай 56-аас дээш насны бүлэгт бусад насны бүлгээс статистик ач холбогдол бүхий өндөр байна. Илүүдэл жин ба таргалалтын тархалт нас ахих тутам нэмэгдэж байв. Мөн илүүдэл жин ба таргалалттай 26-35 насны төрийн албан хаагчдын тархалт 18-25 насны хүмүүстэй харьцуулахад огцом ихсэж (2 дахин) түүнчлэн 36-60 насны аль ч хүйсний 3 хүн тутмын 2 нь илүүдэл жин ба таргалалттай байгаа нь анхаарал татаж байна (Хүснэгт 1).

Хот суурин газрын төрийн албан хаагчдын 54.8% (95%ИХ 52.8-56.8), хөдөөгийн төрийн албан хаагчдын 53.8% (95%ИХ 51.9-55.7) нь илүүдэл жин ба таргалалттай байна. Илүүдэл жин ба таргалалтын (БЖИ≥25) тархалтыг хүйсээр авч үзвэл хөдөөгийн эмэгтэйчүүд 49.9% (95%ИХ 47.3-52.5), хотын эмэгтэйчүүдээс 55.2% (95%ИХ 52.4-57.9) буюу 5.3%-аар илүү статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (Зураг 1).

Судалгаанд оролцогчдын 57.3% төвийн таргалалттай ба эмэгтэйчүүдийн эзлэх хувь (67.6%, 95%ИХ 65.8-69.4) эрэгтэйчүүд (46.1% 95%ИХ 44.1-48.1)-ээс 1.5 дахин их байна. Төвийн таргалалтын тархалт аль ч хүйсийн төрийн албан хаагчдын дунд нас ахих тутам нэмэгдэж байв. Ялангуяа 26-35 нас (52.5%, 95%ИХ 48.7-57.5)-нд 18-25 насны төрийн албан хаагчдын дундах тархалтын түвшин (31.7%, 95%ИХ 27.4-37.0)-гээс даруй 20.8%-аар огцом нэмэгдэж мөн төвийн таргалалттай төрийн албан хаагчдын 56-аас дээш насанд хамгийн өндөр, 18-25 насны хүмүүсийн үзүүлэлтээс 2 дахин их байна (Хүснэгт 2).

Төвийн таргалалттай эмэгтэйчүүд хот суурин газарт 69.3% (95%ИХ 66.8-71.9), хөдөө орон нутагт 66.0% (95%ИХ 63.5-68.5)-ийн тархалттай байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай, харин хөдөө орон нутагт амьдарч буй эрэгтэйчүүд нь  хотын эрэгтэйчүүдээс илүү тархалттай байна (Зураг 2).

Судалгаанд хамрагдсан 18-60 насны нийт төрийн албан хаагчдын биед агуулагдах өөхөн эдийн хэмжээг үнэлэхэд 46.5% “маш их”, 39.1% “хэвийн”, 13.3% “ихэссэн”, 1.2% нь “бага” гэсэн ангилалд багтаж байв. Хүйсээр авч үзвэл нийт эрэгтэйчүүдийн 79.7% (95%ИХ 76.0-83.3) нь “маш их”, 13.0% (95%ИХ 10.1-16.1) нь “ихэссэн”, 7.2% (95%ИХ 76.0-83.3) нь “хэвийн” үнэлгээтэй, харин биед агуулагдах өөхөн эдийн хэмжээ “бага” үнэлгээтэй эрэгтэйчүүд огт байхгүй байгаа нь анхаарал татаж байна. Эмэгтэйчүүдийн 70.8% (95%ИХ 66.8-74.6) нь “хэвийн”, 13.6% (95%ИХ 10.8-16.7) нь “ихэссэн”, 13.2% (95%ИХ 10.3-16.1) нь “маш их”, 2.3% (95%ИХ 1.0-3.7) нь “бага” гэсэн үнэлгээтэй байв. Биед агуулагдах өөхөн эдийн хэмжээ “маш их” төрийн албан хаагчдын тархалт 18-39 насны эмэгтэйчүүдэд хамгийн бага (7.8%, 95%ИХ 6.4-9.2), эрэгтэйчүүдэд хамгийн өндөр (83.9%, 95%ИХ 82.1-85.8) буюу эмэгтэйчүүдийн үзүүлэлтээс 10.7 дахин их байна  (Хүснэгт 3).

Байршлаар авч үзвэл биед агуулагдах өөхөн эдийн хэмжээ “маш их”-тэй төрийн албан хаагчдын тархалт хөдөөд 47.8% (95%ИХ 45.8-49.8), хотод 43.2% (95%ИХ 41.3-45.1), “ихэссэн” үнэлгээтэй төрийн албан хаагчдын тархалт хөдөөд 7.4% (95%ИХ 6.4-8.5), хотод 17.3% (95%ИХ 15.8-18.7)-тай байв. Хэвлийн өөхлөлтийн үнэлгээ нь хэвлийн хөндийн эрхтнүүдийг тойрон байрлах өөхний хэмжээг илтгэх үзүүлэлт юм. Хэвлийн өөхлөлтийн үнэлгээ нь хэвлийн хөндийн эрхтнүүдийг тойрон байрлах өөхний хэмжээг илтгэх үзүүлэлт юм. Хэвлийн өөхлөлтийн түвшинг тоон нэгжээр тодорхойлж, лавлагаа үзүүлэлтийг ашиглан насны бүлэг, хүйс, байршил ба төрийн албаны ангиллаар харьцуулан үнэлэв. Судалгаанд хамрагдсан 18-60 насны нийт төрийн албан хаагчдын хэвлийн өөхлөлтийн хэмжээг үнэлэхэд 56.7% (95%ИХ 55.3-58.0) “эрүүл”, 24.0% (95%ИХ 22.9-25.2) “өндөр эрсдэлтэй”, 19.3% (95%ИХ 18.2-20.4) “эрсдэлтэй” гэсэн ангилалд багтаж байв. Хүйсээр авч үзвэл “эрсдэлтэй” болон “өндөр эрсдэлтэй” төрийн албан хаагчдын эзлэх хувь эрэгтэйчүүд (24.1%, 95%ИХ 22.4-26.0), эмэгтэйчүүдээс (19.2%, 95%ИХ 17.6-20.9) статистик ялгаа бүхий өндөр тархалттай байна (Зураг 3).

Хэвлийн өөхлөлтийн үнэлгээгээр “эрсдэлтэй” үзүүлэлт эмэгтэйчүүдэд нас ахих тусам нэмэгдэж, эрэгтэйчүүдэд 36-45 насанд 25.2% (95%ИХ 21.3-29.0) хамгийн өндөр байв. Харин “өндөр эрсдэлтэй” төрийн албан хаагчдын үзүүлэлт эмэгтэйчүүдэд 46-55 насанд 24.5% (95%ИХ 20.5-28.5) илүү өндөр байдал зонхилж, эрэгтэйчүүдэд нас ахих тусам нэмэгдэж байна. 

Төрийн албан хаагчдын хэвлийн өөхлөлтийн хэмжээг байршлаар авч үзвэл “өндөр эрсдэлтэй” үнэлгээтэй хүн ам хөдөөд 30.3% (95%ИХ 28.5-32.2), хотоос 18.4% (95%ИХ 16.9-19.9) 1.6 дахин өндөр тархалттай, харин “эрсдэлтэй” үнэлгээтэй хүн амын тархалт хотод 21.3% (95%ИХ 19.7-22.8), хөдөөд 17.1% (95%ИХ 15.6-18.6)-тай байв.

Хэлцэмж

Бидний судалгааны үр дүнгээр Монгол улсын 4 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүргийн 18-60 насны 1252 төрийн албан хаагчид хамрагдсан бөгөөд тэдгээрийн 36.0% нь илүүдэл жинтэй, 18.2% таргалалттай байна. Этиоп улсын 3 хотын төрийн албан хаагчдын дунд хийсэн судалгаагаар 374 хүн хамруулж 40.1% нь илүүдэл жинтэй, 13.9% нь таргалалттай гарсан байна. Мөн илүүдэл жин ба таргалалтын тархалт нь нас ахих тусам нэмэгдэж байна гэсэн манай судалгааны үр дүнтэй ижил үр дүн гарчээ[9]. Аддис-Абеба хотод ажиллаж буй эмэгтэй төрийн албан хаагчдын бүсэлхийн тойргийн хэмжилтийн аргачлалыг ашиглан тодорхойлсон судалгаагаар төвийн таргалалтын тархалт 29.5% (95%ИХ 25.3-33.6) байна. Төвийн таргалалтын тархалт 27-38 насны эмэгтэйчүүдийн дунд 12.4% буюу хамгийн бага, 47-55 насныханд 32.3% буюу хамгийн өндөр байв[10]. Харин бидний судалгаанд оролцогчдын 18-25 насны эмэгтэйчүүдийн 39% нь, 46-55 насны эмэгтэйчүүдэд 81.6% нь, 56-аас дээш насны эмэгтэйчүүдэд 77.1% байгаа буюу нас ахих тусам төвийн таргалалт мөн адил нэмэгдэж байв.

Дүгнэлт

1.   Монгол улсын 18-60 насны төрийн албан хаагчдын 54.2% нь илүүдэл жин ба таргалалттай, 36.0% нь илүүдэл жинтэй, 18.2% таргалалттай, харин 57.3% нь төвийн таргалалттай ба эмэгтэйчүүдэд (67.6%) эрэгтэйчүүдээс (46.1%) төвийн таргалалтын тархалт 1.5 дахин их байна.

2.   Биед агуулагдах өөхөн эдийн хэмжээгээр 46.4% “маш их”, 13.3% “ихэссэн” ангилалд багтаж, өөхөн эдийн хэмжээ “маш их” үнэлгээтэй төрийн албан хаагчдын тархалт 18-39 насны эмэгтэйчүүдэд хамгийн бага (7.8%) эрэгтэйчүүдэд хамгийн өндөр (83.9%) буюу эмэгтэйчүүдийн үзүүлэлтээс 10.7 дахин их байгаа нь анхаарал татаж байна.

3.   Хэвлийн өөхлөлтийн хэмжээг үнэлэхэд 24.0% “өндөр эрсдэлтэй”, 19.3% “эрсдэлтэй” гэсэн ангилалд багтаж, хүйсээр авч үзвэл “эрсдэлтэй” болон “өндөр эрсдэлтэй” төрийн албан хаагчдын эзлэх хувь эрэгтэйчүүдэд (24.1%) эмэгтэйчүүдээс (19.2%) илүү өндөр тархалттай байна.

 

Ном зүй

1.     Global action plan for the prevention and control of NCDs 2013-2020

2.     Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний              хөтөлбөр, МУЗГ-ын 289 дүгээр тогтоол, 2017 он

3.     Global action plan for the prevention and control of NCDs 2013-2020

4.     Идэвхтэй дасгал хөдөлгөөний заавар, ЭМЯ,                                                                           ДЭМБ, 2014 он

5.     ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний 4 дугаарсудалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ММСС, ДЭМБ, 2019 он

6.     ACTIVE: a technical package for increasing physical activity

7.     The Presidents Council on Physical Fitness and Sports - Publications. (n.d.). Presidents Council on Fitness, Sports & Nutrition. Retrieved April 5, 2011

8.     Global Physical Activity Questionnaire (GPAQ) Analysis Guide, Surveillance and Population-Based Prevention Prevention of Noncommunicable Diseases Department World Health Organization 20 Avenue Appia, 1211 Geneva 27, Switzerland

9.    Bereka S.G, Demisse A.W, Getahun G.K. Prevalence of abdominal obesity and associated risk factors among women civil servants in Addis Ababa. Ethiopia, BMC Nutrition. 2021; 8(119)

10.   Markos Yohannes. Prevalence of overweight and obesity among office-based urban civil servants in southern nations, nationalities and peoples’ region, Ethiopia. Ethiop Med J, 2019; 57(2)

 

 

 

 

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

3

2025-04-25

он