• 2025-04-25 15:04:05

ШҮД ЦООРОХ ӨВЧИНД АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙН ДАДАЛ ХЭВШИЛ НӨЛӨӨЛӨХ НЬ

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

ШҮД ЦООРОХ ӨВЧИНД АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙН ДАДАЛ ХЭВШИЛ НӨЛӨӨЛӨХ НЬ

Үндэслэл

Жил ирэх тусам хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт, хүрээ, шүд цоорлын эрчим нэмэгдэж байна. Хүүхдийн шүдний цоорох өвчин нь чих, хамар, хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний үрэвсэлт өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийг суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд хүргэх дам шалтгаан болж байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан амны хөндийн эрүүл мэндийн байдлын тайланд (2022он) амны хөндийн өвчнөөр дэлхий даяар 3.5 тэрбум орчим хүн өвчилдөг ба эдгээрийн 4 хүн тутмын 3 нь дундаж орлоготой орнуудад өвчилдөг гэж тооцоолжээ[1]. Улсын хэмжээнд Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу зохион байгуулагдсан эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн 2024 оны эхний 9 сарын дүнгээр 0-17 насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин 77.7 хувийг, шүдний гажиг 2.9%-ийг эзэлж байна[2]. Мөн 2023 онд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудын шүдний кабинет болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд нийт 40200 үзлэг хийгдсэнээс 38386 буюу 95.4 хувь нь зөвхөн шүд цоорох өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандсан үйлчлүүлэгчид байна. Амны хөндийн эрүүл ахуйг сахиснаар зүрх судас, хоол боловсруулах, амьсгалын зам, бөөр, шээс бэлгийн тогтолцооны зэрэг 200 гаруй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг эрдэмтэн судлаач нар тогтоосон. Иймээс амны хөндийн эрүүл ахуйн дадал хэвшил болон шүд цоорох өвчний хамаарлыг тодорхойлж, мэдээлэл сургалт, сурталчилгааг олон талт хэлбэрээр тасралтгүй явуулж, иргэдийн мэдлэг хандлага дадлыг нэмэгдүүлэх замаар шүд цоорох өвчний тархалтыг бууруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Зорилго

Шүд цоорох өвчинд амны хөндийн эрүүл ахуйн дадал хэвшил нөлөөлж буй эсэхийг тодорхойлох

Материал, арга зүй

Судалгаанд нэг агшны загвараар анкетын аргыг ашиглан Бат-өлзий, Баян-өндөр, Баянгол, Нарийнтээл, Хайрхандулаан сумдын 2-16 насны 730 хүүхдийн дунд хийсэн шүдний үзлэгийн картаас санамсаргүй түүврийн аргаар 214 хүүхдийн картыг сонгон, тоон судалгааны статистик боловсруулалтыг SPSS программын 23 хувилбарыг ашиглан дүгнэлт хийсэн. Шүд цоорлын тархалт, эрчмийг ДЭМБ-ын гаргасан томьёоллын дагуу тооцоолон, мэдлэгийн түвшнийг, нас, хүйстэй харьцуулахдаа Pearson Chi-square ашигласан бөгөөд асуумжийн найдвартай байдлыг үнэлэхдээ Cronbach  Alpha-г тодорхойллоо.

Үр дүн

Судалгаанд  оролцогчдыг хүйсийн хувьд авч үзэхэд эрэгтэй 47.7 хувь, эмэгтэй 52.3 хувийг, насны хувьд 6-10 насныхан 57.5 хувь, 11-с дээш нас 25.2, 2-5 нас 17.3 хувийг тус тус эзэлж байна.

Судалгаанд оролцогчдын дунд цоорлын тархалт 90.7 хувь, эрчим 6.4 (маш их) байна. Сумдаар авч үзвэл тархалт Баян-Өндөр суманд 71.4 хувь, бусад сумдад 92.8-100 хүртэл хувь эрчим 3.8-6.33 байна.

Иймд бид Өвөрхангай аймгийн хүн амын хязгаарлах хүнсний хэрэглээний судалгаатай харьцуулан үзэхэд 10 хүүхэд тутмын 7 нь хязгаарлах хүнсийг хэтрүүлэн хэрэглэж байна[3].

Зураг 2. Хязгаарлах хүнсний хэрэглээ, сумдаар

Сумдаар авч үзвэл: Хязгаарлах хүнсний (бүх төрлийн шоколад, чихэр, хийжүүлсэн болон чихэрлэг ундаа, бэлэн гоймон, түргэн хоол г.м) хэрэглээ Хайрхандулаан, Нарийнтээл зэрэг сумдад аймгийн дунджаас (56.5) өндөр байгаа нь эдгээр хүнс нь шүд цоорох өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгааг илтгэж байна.  

Цоорлын тархалт эрчмийг насны бүлгээр авч үзвэл 6-10 насанд хамгийн өндөр, тархалт 93.5 хувь, эрчим 7.3 буюу маш их байна. Судалгаанд оролцогчдын шүд угаах дадлыг судлан үзэхэд 60.3 хувь нь өдөрт 2 удаа, 34.6 хувь нь өдөрт 1 удаа, 5.1 хувь нь өдөрт 2-с дээш удаагийн давтамжтай шүдээ угаадаг байна. Мөн оролцогчдын 74.3 хувь нь өглөө босонгуутаа, 53.3 хувь нь орой унтахын өмнө шүдээ угаадаг бол 18.7 хувь нь өглөөний цай уусны дараа, 16.8 хувь нь оройн хоол идсэний дараа, 7 хувь нь өдрийн хоолны дараа шүдээ угааж хэвшсэн байна. Судалгаанд оролцогчдын 49.6 хувд нь (n=106) байнгын шүд цоорсон ба бүлгээр авч үзвэл 99.1 хувь араа бүлгийн, 09 хувь нь үүдэн бүлгийн шүд цоорсон бөгөөд хамгийн ихдээ нэг хүүхдэд 7 байнгын шүд цоорсон байна. Мөн оролцогчдын 68.2 хувьд нь (n=146) сүүн шүд цоорсон ба бүлгээр авч үзвэл 95.9 хувь нь араа бүлгийн, 40.4 хувь үүдэн бүлгийн шүд цоорсон бөгөөд хамгийн ихдээ нэг хүүхдэд 17 сүүн шүд цоорсон байна. Хүйсээр авч үзвэл эрэгтэй хүйсэд шүд цоорох, эмэгтэй хүйсэд шүдний гажиг өндөр байна.

Шүдээ өдөрт 2 болон 2-с дээш угаадаг хүүхдүүдийн дунд буйлны үрэвсэл харьцангуй бага буюу угаах давтамж буйлны үрэвсэлтэй статистик ач холбогдол бүхий хамаараалтай байна.

Шүд угаах хугацааг насны бүлгээр авч үзэхэд дийлэн нь өглөө босоод угаадаг бол 2-5 насанд өдрийн хоолны дараа, оройн унтахын өмнө шүдээ угаах нь бусад наснаас өндөр байна. Энэ нь цэцэрлэгийн насны хүүхдүүд өдөр хоолны дараа шүдээ угааж хэвшсэнтэй холбоотой байж болох юм. Харьяаллаар авч үзвэл Бат-Өлзий суманд өглөөний цайны дараа шүдээ угааж хэвшсэн хүүхэд байхгүй бол Баянгол суманд өдрийн хоолны дараа болон орой унтахын өмнө шүдээ угааж хэвшсэн хүүхдийн хувь бага байна. Харин Баян-Өндөр суманд оройн унтахын өмнө 75.5 хувь нь шүдээ угааж хэвшсэн байна. Шүд угаах хугацаа нь харьяалалтай статистик ач холбогдол бүхий хамааралтай байна.

Оролцогчдын шүдний сойзоо солих давтамжийг судлан үзэхэд 60.3 хувь нь 3 сар тутамд сойзоо сольж хэвшсэн ба нас нэмэгдэх тусам сойз солих давтамж буурч байна. Хүйсийн хувьд эмэгтэй хүйсэд сойзоо солих давтамж өндөр байна.

Оролцогчдын шүдний эмчид үзүүлэх давтамжийг насны бүлгээр авч үзэхэд 6-с дээш насанд өвдсөн үедээ эмчид хандах хувь нь өндөр байгаа бол 2-5 насанд огт үзүүлж байгаагүй хүүхдийн эзлэх хувь өндөр, нийт эрэгтэй хүйсэд огт үзүүлж байгаагүй нь хүүхдийн хувь өндөр байна. Энэ нь шүдний эмчийн дутагдал, эцэг эхийн анхаарал халамж хангалтгүй, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй  байгааг илтгэж байна. Эмчид үзүүлэх давтамж харьяалалтай ач холбогдол бүхий шууд хамааралтай (p=0.000*) байна. Баян-Өндөр суманд огт үзүүлж байгаагүй хүүхэд 2.0 хувьтай байгаа нь энэ суманд шүдний эмч ажиллаж байгаатай холбоотой юм.

Эмчид үзүүлж байгаагүй, өвдсөн үедээ үзүүлдэг болон 6 сараас дээш хугацаанд эмчид үзүүлдэг хүүхдүүдийн дундах цоорсон болон авагдсан шүдний тоо их байна. Энэ нь амны хөндийн эрүүл ахуйг хянах, зөвлөгөө авах, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдах байдал хангалтгүйгээс шүдний цоорлын хүндрэлд хүргэж байна. 3-6 сарын хугацаанд үзүүлдэг хүүхдүүдийн дунд ломбодуулсан шүдтэй хүүхдийн эзлэх хувь өндөр байна. Эмчид үзүүлэх давтамж нь шүдээ эмчлүүлж ломбодуулахтай статистик ач холбогдол бүхий хамраалтай байна.

Сүүн болон байнгын шүдний ургалттай холбоотойгоор 6-с дээш насанд шүд ломбодох, 2-5 насанд хар түрхлэг түрхэх, фторт түрхлэг зэрэг эмчилгээг түлхүү хийсэн нь харагдаж байна.

Харьяаллаар авч үзэхэд Бат-Өлзий, Нарийнтээл сумдад шүд авалт өндөр байгаа нь цоорлын хүндрэл их байгааг харуулж байна.

Хэлцэмж

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох Дэлхий дахины сургуульд суурилсан зан үйлийн[4] судалгаанд оролцогчдын (n=5227) 63.3 хувь нь өдөрт 2 удаа, 92.4 хувь нь өдөрт 1 удаа угааж байсан бол Б.Сувд нарын Ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн сурагчдын  шүд угаах дадлыг судалсан дүн, судалгаанд оролцогчдын (n=5393) 42,7 хувь нь өдөрт 2 удаа, 27,7 хувь нь өдөрт 1 удаа угааж байсан байна[5]. Бидний судалгаанд оролцогчдын (n=214) 60.3 хувь нь өдөрт 2 удаа, 34.6 хувь нь өдөрт 1 удаагийн давтамжтай шүдээ угааж байгаа нь дээрх судалгаануудтай ойролцоо байгаа бөгөөд хүйсийн хувьд эрэгтэйчүүдэд шүд угаах давтамж бага байгаа нь адил байна. Мөн шүд цоорох өвчний тархалтыг амны хөндийн эрүүл ахуйн дадалтай холбон судалснаараа ялгаатай байна. Мөн Б.Буянхишиг нарын Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 6-17 насны хүүхдийн шүдний өвчлөлийн байдлыг судлах нь, нийт оролцогчдын 88.7%-д амны хөндийн болон шүдний өвчлөл илэрсэн. Үүнээс 89.2% (140) хүүхдэд шүдний цоорол (1-4 шүд) илэрсэн ба бага насныхан буюу 7-8 насныханд олон шүдний цоорхой үүссэн байна[6] гэсэн бол бидний судалгаанд оролцогчдын 90.7 хувьд шүд цоорох өвчин илэрч 6-10 насанд 93.5 буюу цоорлын тархалт бусад наснаас өндөр байгаа нь дээрх судалгаатай дүйж байна.

Дүгнэлт

1.    Судалгаанд оролцогчдын дунд цоорлын тархалт 90.7 хувь, эрчим 6.4 (маш их) байна. Цоорлын тархалт эрчмийг насны бүлгээр авч үзвэл 6-10 насанд хамгийн өндөр буюу тархалт 93.5 хувь, эрчим 7.3 байна.

2.    Судалгаанд оролцогчдын 49.6 хувь нь (n=106) байнгын шүд цоорсон ба бүлгээр авч үзвэл 99.1 хувь араа бүлгийн, 09 хувь нь үүдэн бүлгийн шүд цоорсон бөгөөд хамгийн ихдээ нэг хүүхдэд 7 байнгын шүд цоорсон байна. Мөн оролцогчдын 68.2 (n=146) нь сүүн шүд цоорсон ба бүлгээр авч үзвэл 95.9 хувь нь араа бүлгийн, 40.4 хувь үүдэн бүлгийн шүд цоорсон бөгөөд хамгийн ихдээ нэг хүүхдэд 17 сүүн шүд цоорсон байна.

3.    Шүдээ өдөрт 2 болон 2-с дээш угаадаг хүүхдүүдийн дунд буйлны үрэвсэл харьцангуй бага буюу угаах давтамж буйлны үрэвсэлтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай (p=0.002*) байна.

4.    Судалгаанд оролцсон 5 хүүхэд тутмын 4 нь өглөө босонгуутаа, 1 нь өглөөний цай уусны дараа, 3 нь оройн унтахын өмнө шүдээ угааж байгаа нь зөв дадал хэвшээгүй байгааг харуулж байна. 

5.    Судалгаанд оролцогчдын 60.3 хувь нь 3 сар тутам сойзоо сольж хэвшсэн ч шүдний цоорлын тархалт, эрчим өндөр байгаа нь шүд угаах арга техник буруу, дутуу хангалтгүй угаадаг зэрэгтэй холбоотой байж болох юм.

6.    Ихэнх насанд шүдний эмчид огт үзүүлж байгаагүй болон өвдсөн үедээ үзүүлдэг хүүхдийн эзлэх хувь өндөр байгаа нь амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, цоорлоос сэргийлэх түрхлэг түрхүүлэх, амны хөндийн эрүүл ахуйг хянуулах талаар мэдлэг хомс, орон нутагт шүдний эмч байхгүй зэрэгтэй холбоотой байна.

7.    Мөн эрэгтэй хүйсэд шүд цоорох өвчин болон шүдний эмчид огт үзүүлдэггүй хүүхдийн эзлэх хувь өндөр байна.

8.    Шүдний эмчийн үзлэгт хамрагдаж хийгдсэн эмчилгээг дүгнэхэд цоорол болон цоорлын хүндрэл их байгаатай холбогдуулан ломбодох, шүд авах тохиолдол их, харин урьдчилан сэргийлэх фторт түрхлэг, сийлант зэрэг нь маш бага хийгдсэн байна.

9.    Бат-Өлзий, Нарийнтээл сумдад шүд авалт     өндөр байгаа нь цоорлын хүндрэл их байгааг харуулж байна.

10.   Шүдний эмч ажиллаж байгаа Баян-Өндөр суманд шүд авалт, огт үзүүлж байгаагүй хүүхдийн тоо бусад сумдаас харьцангуй бага байна.

Ном зүй

1.      ДЭМБ:https://www.who.int/team/noncommunicable-diseases/global-status-report-on-oral-health, 2022 он

2.      Эрүүл мэндийн хөгжлийн төв: http://hdc.gov.mn/-ээс (2024 оны 9-р сарын 26)

3.      Өвөрхангай Эрүүл мэндийн газар “Хүн амын хооллолтын байдал”,  2023 он

4.      НЭМҮТ “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа” Улаанбаатар, 2010 он

5.      Б.Сувд “Ерөнхий боловсролын сургуулийн 7-12-р ангийн сурагчдын шүд угаах дадлыг судалсан дүн”, Улаанбаатар  2013 он

6.      Б.Буянхишиг. “Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 6-17 насны хүүхдийн шүдний өвчлөлийн байдлыг судлах нь”, Эрдмийн чуулган 66, 2023 он

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

3

2025-04-25

он