• 2025-04-27 05:48:17

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХАМРАЛТАД НӨЛӨӨЛӨХ НИЙГЭМ-ЗАН ҮЙЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ СУДАЛСАН ДҮН (ХПВ-ИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ ЖИШЭЭН ДЭЭР)

PMID: 36972026 DOI:10.1056/NEJMoa2216334

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХАМРАЛТАД НӨЛӨӨЛӨХ НИЙГЭМ-ЗАН ҮЙЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ СУДАЛСАН ДҮН (ХПВ-ИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ ЖИШЭЭН ДЭЭР)

Үндэслэл

Умайн хүзүүний хорт хавдар (УХХХ) нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хорт хавдрын 4-рт ордог. Дэлхийн хэмжээнд 2022 оны байдлаар УХХХ-ын 660000 шинэ тохиолдол, 350000 нас баралт бүртгэгдсэн[1] бөгөөд стандартчилсан үзүүлэлтийн түвшний үзүүлэлтээр  100,000 эмэгтэйд 13.3 тохиолдол, 100,000 эмэгтэйд 7.2 нас баралт бүртгэгдсэн байна[2]. Харин Монгол улсад стандартчилсан түвшний үзүүлэлтээр умайн хүзүүний хорт хавдар нь 100,000 эмэгтэй тутамд 20.2 тохиолдол, 9.6 нас баралт байгаа нь дэлхийн болон бүсийн түвшинтэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм[2]. Умайн хүзүүний хорт хавдрын гол үүсгэгч нь хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдвар юм[3]. Монгол улсын Дархлаажуулалтын тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт орж, хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакцин заавал хийх үндэсний товлолт вакцинд орсон[4]. ХПВ нь умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг, хамгийн өргөн тархсан вирусийн нэг бөгөөд дэлхийн хүн амын 5 хүний 4 нь амьдралынхаа туршид энэ вирусийн халдварт өртдөг[5,6]. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас 2030 он гэхэд ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад 15-аас доош насны охидын 90 хувийг хамруулах зорилт тавьсан[7]. Манай улсын хувьд ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад 11 настай охид, хөвгүүдийг сургуульд суурилсан хэлбэрээр хамруулахаар хууль, эрх зүйн хувьд бэлтгэл ажил хангагдаж  байна. ДЭМБ-аас хүн төвт дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дархлаажуулалтыг хүртээмжтэй зохион байгуулахын тулд зорилтод хүн амыг тодорхойлох, вакцины хамралтад нөлөөлөх боломжтой нийгэм-зан үйлийн хүчин зүйлийг судлахыг зөвлөмж болгож байна[8]. Иймд бид шинээр вакцин нэвтрүүлж буй энэ цаг үед дархлаажуулалтын хамралтад нөлөөлж болох нийгэм-зан үйлийн хүчин зүйлсийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Зорилго

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын хамралтад нөлөөлөх нийгэм-зан үйлийн хүчин зүйлсийг судлах.

Арга, аргачлал

Судалгааг аналитик судалгааны агшны загварыг ашиглан, асуумжийн аргаар мэдээллийг 2024 оны 5-6 сард цуглуулсан. Судалгаанд Баян-Өлгий, Өмнөговь, Архангай, Дорнод аймаг, УБ хотын Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нийт 3057 хүн хамрагдсан. Нийгэм-зан үйлийн хүчин зүйлийг тодорхойлохдоо ДЭМБ-аас боловсруулсан загварын дагуу 4 бүлэг агуулгын (1) бодол, мэдрэмж, (2) нийгмийн хүчин зүйл, (3) сэдэл, (4) нийгмийн асуудал гэсэн 4 бүлэг агуулгын хүрээнд мэдээлэл цуглуулсан[8].  Судалгааны үр дүнг SPSS 25.0 программ дээр боловсруулалт хийж, P утга 0.05-аас бага байх тохиолдолд ялгааг статистик үнэн магадлалтай гэж үзсэн. АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024/3-06 шийдвэрээр судалгааны ажлын ёс зүйн зөвшөөрлийг авсан.

Үр дүн

Судалгаанд оролцогчдын 52 хувь нь Улаанбаатар хотоос оролцсон, судалгаанд оролцогчдын 74.2 хувь нь ажил эрхэлдэг, 62 хувь нь дээд боловсролтой байна. Судалгаанд оролцогч 4 хүн тутмын 3 нь вакцин бол аюулгүй, үр дүнтэй гэж үзсэн байна. Вакцинтай холбоотой нийгмийн хэм хэмжээг гэр бүлийн гишүүд вакцинд хамрагдахыг дэмждэг эсэх асуултаар тодорхойлоход 63 хувь нь гэр бүлийн гишүүд дэмждэг гэж хариулсан байна. Вакцинд хамруулахад бэрхшээл байдаг эсэхийг тодорхойлохдоо хүүхдээ вакцинд хаана хамруулахаа мэддэг эсэх, вакцинд хамруулахад хялбар байдаг эсэх, вакцины үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байдаг зэрэг асуултуудаар үнэлсэн. Судалгаанд оролцогчдын 62 хувь нь хүүхдээ вакцинд хамруулахад хялбар байдаг, 52 хувь нь хүүхдээ вакцинд хаана хамруулахдаа мэддэг, 66 хувь нь вакцины үйлчилгээнд сэтгэл ханамжтай байдаг гэж хариулсан байна (Зураг 1). 

Вакцин хийлгэх сэдэл хот, хөдөөгийн иргэдийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай бөгөөд хотын иргэдийн 57.5 хувь, хөдөөгийн иргэдийн 65.2 нь товлолын вакцинд хамрагдана гэж хариулсан байна. Судалгаанд оролцогч 2 хүн тутмын 1 нь ХПВ-ийн халдварын эсрэг вакцин нь үр дүнтэй гэж үзсэн бөгөөд 13 хувь нь хүүхдэдээ ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хийлгэнэ, 8 хувь нь хийлгэхгүй гэж хариулсан байна.  Судалгаанд оролцогчдын ихэнх нь ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хүүхдэдээ хийлгэх талаар хэн нэгэнтэй ярилцаж байгаагүй (90%), вакцин хийлгэх талаар бодож байгаагүй (55%) байна (Зураг 2).

ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хийлгэх шийдвэрийг нийгэм-зан үйлийн хүчин зүйлстэй харьцуулан тодорхойлоход вакцинд итгэх итгэл, вакцины үйлчилгээ хялбар байх нь вакцин хийлгэх шийдвэрт нөлөөлж буйг тодорхойллоо (Хүснэгт 1).

Иргэдийн ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хийлгэхээс татгалзаж байгаа болон эргэлзэж буй шалтгааныг тодорхойлоход вакцины гаж нөлөөнд санаа зовох, вакцины алсын үр дагавар тодорхойгүй, вакцины чанарт эргэлзэж байна гэсэн шалтгаан хамгийн их хувийг эзэлж байна (Зураг 3).

Вакцин хийлгэх шийдвэр гаргахад вакцины талаар нотолгоонд суурилсан мэдээлэл болон эрүүл мэндийн ажилтны зөвлөгөө чухал нөлөөтэй гэж судалгаанд оролцогчид үзэж байна (Зураг 4).

Хэлцэмж

Бид товлолын вакцин болон ХПВ-ийн халдварын эсрэг вакцины хамралтад нөлөөлөх нийгэм-зан үйлийн зарим хүчин зүйлсийг тодорхойллоо. Судалгаанд нийт 3057 эцэг эх, асран хамгаалагч хамрагдсан бөгөөд иргэдийн дунд вакцинд итгэх итгэл 4 хүн тутмын 3 д байгаа ч, вакцин хийлгэх сэдэл бага байна.  ХПВ-ийн халдвар, халдварын эсрэг вакциныг эцэг эх, асран хамгаалагч 10 хүн тутмын 8 нь вакцин хийлгэх талаар эргэлзэж байна. Бид өөрсдийн үр дүнг бусад улс болон ижил төстэй судалгааны үр дүнтэй харьцуулан судаллаа. Манай улстай ижил буюу ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг нэвтрүүлж эхлээгүй байгаа Бахрейн улсад (2019) хийгдсэн судалгаагаар судалгаанд оролцогчдын дийлэнх нь (76%) нь санал болгосон тохиолдолд вакцин хийлгэхэд бэлэн гэж хариулсан байна[9]. Манай улсын хувьд эцэг эх, асран хамгаалагчдын 13 хувь нь л хүүхдэдээ ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хийлгэнэ гэж хариулсан байна. Харин ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг хийлгэх бэлэн байдлаас үл хамаарч гаж нөлөөний талаар санаа зовох асуудал нийтлэг (Бахрейн 48.5%, Монгол 30.45%) байна. Судалгаанд хамрагдсан эцэг эх, асран хамгаалагчдын дунд вакцины чанарт эргэлзэх байдал их байгаа нь манай улсад вакцины хяналтын чанарын лаборатори байгуулах хэрэгцээ байгааг илэрхийлж байна. Дархлаажуулалтын хамралтад нөлөөлөх нийгэм-зан үйлийн хүчин зүйлсийг ХПВ-ийн халдварын эсрэг вакцины хувьд тодорхойлсон судалгаа хомс ч КОВИД-19 вакцин болон бусад вакцинуудын хувьд тодорхойлсон судалгаа нэлээдгүй байна. Энэтхэг улсад хийгдсэн 2063 хүн оролцсон судалгаагаар вакцинд итгэл итгэл, гэр бүл, ойр дотнын хүмүүс вакциныг хүлээн зөвшөөрдөг байдал нь вакцины хамрагдалт чухал хүчин зүйлс гэж тодорхойлсон байна[10]. Мөн Энэтхэг улсад хийгдсэн 2023 оны судалгаагаар нийгэм-зан үйлийн хэмжүүр нь дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нийгмийн эрүүл мэндийн үр дүнтэй хэмжүүр гэж дүгнэсэн бөгөөд вакцинаас татгалзаж байгаа хүн амд чиглэсэн интервенцийг төлөвлөхөд үр дүнтэй арга хэмжээ гэж үзсэн байна[11]. Товлолын дархлаажуулалтад шинэ вакцин нэвтрүүлж эхэлж байгаа энэ цаг үед вакцины хамралтад сөргөөр нөлөөлөх нийгэм-зан үйлийн хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн, хүн амд зориулсан интервенц чухал байна.

Дүгнэлт

1.    Товлолт дархлаажуулалтын хамралтад нөлөөлж буй нийгэм-зан зүйлийн хүчин зүйлс нь байршлын хувьд ялгаатай, вакциныг хүлээн авах, хийлгэх явцтай холбоотой хүчин зүйлс их байна.

2.    ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хийлгэх талаар 10 хүн тутмын 8 нь эргэлзэж байна.  Вакцин хийлгэх шийдвэрт нийгэм, зан үйлийн хүчин зүйлс статистик ач холбогдол бүхий ялгаатай байна.

3.    Иргэдийн вакцины чанарт эргэлзэж байгаа байдлыг бууруулахын тулд вакцин хяналтын чанарын лаборатори байгуулах нь чухал байна.

Түлхүүр үг

Вакцины эргэлзээ, вакцинд итгэх итгэл, нийгмийн хэм хэмжээ 

Ном зүй

1.      Bray F, Laversanne M, Sung H, et al. Global cancer statistics 2022: Globocan estimates of incidence and mortality worldwide for 36 cancers in 185 countries. CA: A Cancer Journal for Clinicians. 2024;74(3):229-263. doi:10.3322/caac.21834

2.      Cancer Today. Global Cancer Observatory. Accessed November 10, 2024. https://gco.iarc.fr/today/en/dataviz/bars?mode=population&cancers=23&types=1&populations=496_900_935.

3.      de Freitas A, Gomes Leitao M, Coimbra E. Prospects of molecularly-targeted therapies for cervical cancer treatment. Current Drug Targets. 2015;16(1):77-91. doi:10.2174/1389450116666141205150942

4.      Монгол Улс. Төрийн мэдээлэл. Дархлаажуулалтын тухай хууль. Улаанбаатар. Засгийн газрын дэргэдэх хэвлэх үйлдвэр. 2000. 

5.      de Martel C, Georges D, Bray F, Ferlay J, Clifford GM. Global burden of cancer attributable to infections in 2018: A worldwide incidence analysis. The Lancet Global Health. 2020;8(2). doi:10.1016/s2214-109x(19)30488-7

6.      Chesson HW, Dunne EF, Hariri S, Markowitz LE. The estimated lifetime probability of acquiring human papillomavirus in the United States. Sexually Transmitted Diseases. 2014;41(11):660-664. doi:10.1097/olq.0000000000000193

7.      Global strategy to accelerate the elimination of cervical cancer as a public health problem. World Health Organization. Accessed October 15, 2020. https://www.who.int/publications-detail-redirect/9789240014107.

8.      World Health Organization. (‎2022)‎. Behavioural and social drivers of vaccination: tools and practical guidance for achieving high uptake. World Health Organization. https://iris.who.int/handle/10665/354459. License: CC BY-NC-SA 3.0 IGO

9.      Husain Y, Alalwan A, Al- Musawi Z, et al. Knowledge towards human papilloma virus (HPV) infection and attitude towards its vaccine in the Kingdom of Bahrain: crosssectional study. BMJ Open 2019;9:e031017. doi:10.1136/ bmjopen-2019-031017

10.   Rajiv N. Rimal, Rohini Ganjoo, Amelia Jamison, Manoj Parida, Saraniya Tharmarajah, Social norms, vaccine confidence, and interpersonal communication as predictors of vaccination intentions: Findings from slum areas in Varanasi, India, Vaccine, Volume 42, Issue 22, 2024, 126038, ISSN 0264-410X, https://doi.org/10.1016/j.vaccine.2024.06.006.

11.   Preetham Ravuri, Sandesh Kumar Sharma, Sirisha Kommuri, Rahul Tiwari, Mahender Kumar, Influence of BeSD tool for increasing vaccination uptake among the parents of rural population around Visakhapatnam: An original research, Journal of Cardiovascular Disease Research, Vol15, Issue 01, 2024, ISSN: 0975-3583,0976-2833

 

Copyright © Эрүүл мэндийн яам.

Ашигласан зураг

Судалгааны мэдээлэл

0 (0)

0

41

2025-04-27

он