-
2025-08-25 08:47:41
Улаанбаатар хотын иргэдийн агаарын бохирдлын талаарх мэдлэгийг судлах нь
Улаанбаатар хотын иргэдийн агаарын бохирдлын талаарх мэдлэгийг судлах нь
Түлхүүр үг: Агаарын бохирдол, мэдлэгийн үнэлгээ, хүрээлэн буй орчны эрүүл мэнд
Үндэслэл
Агаарын бохирдол нь хүн болон орчны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал ба амьсгалын зам, зүрх судас, уушигны хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Олон төрлийн бохирдуулагч эх үүсвэр байдаг ба машины утаа, гэр хорооллоос ялгарч буй нүүрсний утаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын үндсэн эх үүсвэр болж байна. Гадаад орчны агаарын бохирдол нь гэр сууц, албан тасалгаа, цэцэрлэг, сургуулийн дотоод орчинд нэвтэрч дотоод орчны агаарыг бохирдуулдаг. Монгол улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах, хүн амд мэдээлэл түгээх үүднээс агаарын чанарын индексийг тогтмол хянах боломж бүхий суурин харуул байршуулж, олон нийтэд хандсан мэдээллийн вебсайт, утасны аппликейшн зэргийг нэвтрүүлсэн. Гэсэн хэдий ч агаарын бохирдлын түвшин, түүнээс үүдэлтэй өвчлөл буурахгүй байгаа нь хувь хүн өөрийгөө хамгаалж чадахгүй, агаарын бохирдлын хортой нөлөөллөөс сэргийлэх арга замуудын талаарх мэдлэг хангалтгүй, зөв дадал зуршлыг амьдралдаа хэрэгжүүлэхгүй байна. Нийгмийн эрүүл мэндийн оновчтой, цогц бодлого хэрэгжүүлэхийн тулд хувь хүний мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх шаардлагатай байна.
Зорилго
Улаанбаатар хотын иргэдийн агаарын бохирдлын талаарх мэдлэгийг үнэлэх.
Материал арга зүй
Аналитик судалгааны агшингийн загвар ашиглан гүйцэтгэв. Судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүргийн 18-с дээш насны нийт 3130 хүн амыг хамруулсан. Судалгаагаар хүн амын дундах агаарын бохирдлын талаарх хувь хүний мэдлэгийг үнэлэх асуумжаар мэдээлэл цуглуулж мэдлэгийн түвшинг 63-79 оноо авсан бол "Маш сайн", 47-62 оноо авсан бол "Сайн", 32-46 оноо авсан бол "Дунд", 16-31 оноо авсан бол "Хангалтгүй", 0-15 оноо авсан бол "Муу" гэж 5 ангилж үнэлнэ.
Судалгааны мэдээ, баримтыг Microsoft Excel, STATA14 программ ашиглан боловсруулалт хийв. Судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 2019/3-07 тоот шийдвэрээр олгосон.
Үр дүн
Судалгаанд 3130 хүн хамрагдсан ба үүнээс 20-49 насныхан 73,1% эзэлж байгаа бөгөөд оролцогчдын 52.4% нь эмэгтэй байв. Гэр бүлийн байдлын хувьд 70.1% нь гэрлэсэн. Боловсролын түвшинг тодорхойлоход 50.2% дээд боловсролтой, амьдарч буй сууцны хувьд 62.2% нь орон сууцанд, байршлын хувьд 29% нь Баянзүрх дүүрэгт амьдардаг. Нийт оролцогчдын 97.3% нь амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой байна.
Гадаад болон дотоод орчны агаар бохирдуулагчидын талаар 75.2% нь гадаад болон дотоод орчны агаар бохирдуулагчид ялгаатай гэж зөв хариулсан. Гэрийн дотоод орчны агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн талаар мэдлэг хангалтгүй байна.
Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлийн талаар иргэдийн 97.9% нь буюу дийлэнх нь агаарын бохирдол нь эрүүл мэндэд хортой хэмээн үзэж байгаа ч, агаарын бохирдлын удаан хугацааны нөлөөлөл, өвчний шалтгааны талаар мэдлэг хангалтгүй байна.
Гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын мэдлэгийг үнэлэх судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 2.4% нь "Маш сайн", 8% нь "Сайн", 12.8% нь "Дунд", 52.2% нь "Хангалтгүй", 24.6% нь "Муу" гэсэн үнэлгээг тус тус авсан. Өөрөөр хэлбэл иргэдийн 76.8% нь агаарын бохирдлын хор уршиг, эх үүсвэрийн талаар, зохих мэдлэг "Хангалтгүй" буюу "Муу" байна. Мэдлэгийн оноо нь боловсролын түвшин, орлого, орон сууцны хэлбэр, насны бүлгээр ялгаатай байсан (p<0.0001).
Хэлцэмж
Судалгааны үр дүнгээс харахад боловсролын түвшин нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдлын талаарх мэдлэгийн оноо мэдэгдэхүйц өсч байв. Ялангуяа их дээд боловсролтой оролцогчдын мэдлэгийн дундаж оноо 15.2 байсан нь ерөнхий боловсролтой хүмүүсийн онооноос (11.3) мэдэгдэхүйц өндөр байлаа. Энэ нь Вьетнамд хийгдсэн ижил төстэй судалгааны үр дүнтэй[3] нийцэж байгаа бөгөөд тухайн судалгаанд мөн боловсрол өндөртэй хүмүүс агаарын чанарын талаар илүү их мэдээлэлтэй, болзошгүй эрсдэлүүдийг ойлгож байсан нь тогтоогдсон. Манай судалгаанд орон сууцны хэлбэр, орлогын түвшин, нас зэрэг хүчин зүйлс ч мөн мэдлэгийн оноотой уялдаатай байсан нь иргэдийн мэдээлэл авах боломж, эрүүл мэндийн боловсролд ялгаа байгааг илтгэж байна. Эдгээр үр дүн нь эрүүл мэндийн боловсрол, мэдээллийн хүртээмжийг сайжруулах шаардлагыг харуулж байна. Энэ нь Хятад улсын Шанхай хотод агаарын бохирдол болон хүүхдийн амьсгалын замын эрүүл мэндтэй холбосон хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тогтоох 45 асуулт бүхий асуумжаар агшингийн судалгааг хэрэгжүүлсэн байна. Судалгааны үр дүнд оролцогчдын тал орчим нь мэдлэг, хандлага 9 онооны үнэлгээнээс 8 буюу түүнээс дээш, 75%-с дээш оролцогчид дадлын хувьд 4 буюу түүнээс доош үнэлгээ тус тус авсан байна. Уг судалгааны хүрээнд эрүүл болон өвчтэй хүүхдүүдийн эцэг эхийн боловсролын түвшин (OR=1.89, 2.48), жилийн дундаж орлогын түвшин (OR=2.37, 2.40, 2.12) гэсэн үзүүлэлтүүд тэдний мэдлэгт хамгийн их нөлөө үзүүлж байсан байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан иргэдийн 90% орчим нь агаарын чанарыг сайжруулах ажил нь иргэн бүрийн үүрэг хэмээн үзсэн байна.
Дүгнэлт
Судалгаанд хамрагдсан иргэдийн 76.8% нь агаарын бохирдлын талаарх мэдлэг 'хангалтгүй' буюу 'муу' түвшинд байна. Мэдлэг нь нас, боловсрол, орлого, сууцны төрлөөс хамааран ялгаатай байна.
Ном зүй:
1. Rui Wang , Yingying Yang , Renjie Chen , Haidong Kan, Jinyi Wu, Keran Wang , Jay E. Maddock, Yuanan Lu Knowledge, Attitudes, and Practices (KAP) of the Relationship between Air Pollution and Children’s Respiratory Health in Shanghai, China Int. J. Environ. Res. Public Health 2015, 12, 1834-1848; doi:10.3390/ijerph120201834 https://pubmed.ncbi.nlm.nih.gov/25664694/
2. Xujun Qian, Guozhang Xu , Li Li , Yueping Shen, Tianfeng He, Yajun Liang , Zuyao Yang , Wan Wei Zhou, Jiaying Xu Knowledge and perceptions of air pollution in Ningbo, China BMC Public Health (2016) https://bmcpublichealth.biomedcentral.com/articles/10.1186/s12889-016-3788-0
3. Laura De Pretto, Stephen Acreman, Matthew J. Ashfold, Suresh K. Mohankumar, Ahimsa Campos-Arceiz The Link between Knowledge, Attitudes and Practices in Relation to Atmospheric Haze Pollution in Peninsular Malaysia 2015; PMID: 26646896 PMCID: PMC4672926 https://pubmed.ncbi.nlm.nih.gov/26646896/
4. Laura G Hooper , Joel D Kaufman Ambient Air Pollution and Clinical Implications for Susceptible Populations 2018; PMID: 29676646 PMCID: PMC5955035 https://pubmed.ncbi.nlm.nih.gov/29676646/
5. Lu Bai , Jianzhou Wang , Xuejiao Ma, Haiyan Lu Air Pollution Forecasts: An Overview 2018; PMCID: PMC5923822 https://pubmed.ncbi.nlm.nih.gov/29673227/
6. Ozlem Kar Kurt, Jingjing Zhang, Kent E. Pinkerton Pulmonary Health Effects of Air Pollution 2016;
7. WHO. Air pollution[cited 2018 October 25]. Available from: http://www.who.int/news-room/air-pollution.
8. WHO. WHO Global Ambient Air Quality Database (update 2018) [cited 2018 October 25]. Available from: https://www.who.int/airpollution/data/cities/en/.
9. Shima M. Health Effects of Air Pollution: A Historical Review and Present Status. Nihon Eiseigaku Zasshi. 2017;72(3):159-65. PubMed PMID: 28931794. Epub 2017/09/22. jpn.
10. Kim KH, Kabir E, Kabir S. A review on the human health impact of airborne particulate matter. Environ Int. 2015 Jan;74:136-43. PubMed PMID: 25454230. Epub 2014/12/03. eng.
11. UNICEF NCfPHa. MONGOLIA’S AIR POLLUTION CRISIS: A call to action to protect children’s health 2018.
12. Ryan W. Allen, Enkhjargal Gombojav, Baldorj Barkhasragchaa, Tsogtbaatar Byambaa, Oyuntogos Lkhasuren, Ofer Amram, Tim K. Takaro, Craig R. Janes An assessment of air pollution and its attributable mortality in Ulaanbaatar, Mongolia 2013;
13. Prabjit Barn , Enkhjargal Gombojav , Chimedsuren Ochir , Bayarkhuu Laagan, Bolor Beejin, Gerel Naidan, Buyantushig Boldbaatar, Jargalsaikhan Galsuren, Tsogtbaatar Byambaa , Craig Janes , Bruce P. Lanphear a , Tim K. Takaro a , Scott A. Venners a , Glenys M. Webster a , Weiran Yuchi a , Ryan W. Allen a The effect of portable HEPA filter air cleaners on indoor PM2.5 concentrations and second hand tobacco smoke exposure among pregnant women in Ulaanbaatar, Mongolia: The UGAAR randomized controlled trial 2018;
14. Weiran Yuchi, Anders Knudby, Joanna Cowper, Enkhjargal Gombojav, Ofer Amram, Blake Byron Walker, Ryan W. Allen A description of methods for deriving air pollution land use regression model predictor variables from remote sensing data in Ulaanbaatar, Mongolia 2016;
15. L. Drew Hill, Rufus Edwards, Jay R. Turner , Yuma D. Argo, Purevdorj B. Olkhanud, Munkhtuul Odsuren , Sarath Guttikunda , Chimedsuren Ochir , Kirk R. Smith Health assessment of future PM2.5 exposures from indoor, outdoor, and secondhand tobacco smoke concentrations under alternative policy pathways in Ulaanbaatar, Mongolia 2017;
16. Очирын Чимэдсүрэн (ЭМШУИС-ийн НЭМС) Кирк Смит (Бэркэлэй дэх Калифорнийн Их сургууль) Судалгааны багийн гишүүд: Л.Дрью Хил (Беркелей дэх Калифорнийн Их сургууль) Балжиннямын Пүрэвдорж (ЭМШУИС-ийн НЭМС) Дамдинсүрэнгийн Юмчиндорж (ШУТИС-ийн ЭХИС) Одсүрэнгийн Мөнхтуул (ЭМШУИС-ийн НЭМС) Руфус Эдвардс (Ирвин дэх Калифорнийн Их сургууль) Жэй Турнер (Сайнт Луйс дэх Вашингтоны Их сургууль) Хот суурин газрын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа 2014;
17. Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн хөгжлийн төв Улаанбаатар хотын агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө 2020.
Судалгааны ажлыг хянан, нийтлэх санал өгсөн: АШУ-ны доктор Н.Сайжаа