-
2025-08-25 08:54:33
Электрон тамхины хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө (тойм)
Электрон тамхины хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө (тойм)
Дэлхийд 1.3 тэрбум тамхи хэрэглэгчдийн 80.0% нь бага, дунд орлоготой орнуудад амьдарч, тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралтын дарамт хамгийн өндөр байдаг. Бүх төрлийн тамхи хортой бөгөөд тамхинд өртөх ямар ч аюулгүй түвшин гэж байхгүй юм. Өөрөөр хэлбэл, тамхины никотины хэмжээг багасгаснаар тамхи хор багатай болдог талаар шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоо олон улсын хэмжээнд байхгүй бөгөөд энэ нь тамхи үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ борлуулах маркетингийн арга болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)- аас улс орнуудад анхааруулж байгаа[1].
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар электрон тамхины хэрэглээ залуучууд болон өсвөр насныхны дунд эрчимтэй нэмэгдэж байна. ДЭМБ-ын мэдээллээр электрон тамхийг зарим улс орнуудад 21 наснаас доош насны хүүхдүүдэд зарахгүй байхыг хуульчилсан бол дэлхийн 27 оронд бүрэн хориглосон байна[2]. Электрон тамхи нь янжуур тамхитай харьцуулахад “хор багатай” харагдаж болох ч, түүнд агуулагдах хорт бодисууд эрүүл мэндэд
сөрөг нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон[3]. Никотин болон бусад хорт бодис нь тархи, зүрх судас, уушгины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна донтуулах, удаан хугацааны архаг өвчлөлд хүргэх шалтгаан болж байна[4].
Электрон тамхины хэрэглээ нь зөвхөн хувь хүний бус, нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Иймд олон улсын болон үндэсний хэмжээнд хийгдсэн судалгаануудад үндэслэн, электрон тамхины эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлан дүгнэх, үүнтэй уялдуулан түүний хор уршгийг ойлгуулах, электрон тамхинаас үүдэлтэй хорт хавдар болон бусад эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нарийвчилсан судалгааг хийх шаардлагатай байна.
Электрон тамхины судлагдсан байдал:
ДЭМБ-аас 2019 онд мэдээлснээр Дэлхий дахинд жил бүр 5-8 сая хүн тамхины хортой нөлөөнөөс үүдэлтэй өвчнөөр нас бардаг. Тамхины хэрэглээ, түүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор тамхийг орлох шинэ бүтээгдэхүүн болох электрон тамхи бий болсон. Америкийн Нэгдсэн Улсад янжуур тамхи татдаг хэрэглэгчдийн 40 орчим хувь нь электрон тамхи ашиглах болсон гэх тоо баримт бий[2]. Электрон тамхийг анх 2003 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс зохион бүтээсэн бөгөөд өнөөдөр дэлхийн олон улс оронд өргөн хэрэглэгдэж байна. Энэхүү бүтээгдэхүүнийг "e-cigs", "e-hookahs", "mods", "vape pens", "vapes", "tank systems", мөн "electronic nicotine delivery systems (ENDS)" гэх зэрэг олон нэршлээр нэрлэдэг. Электрон тамхи нь никотин агуулсан шингэнийг халааж ууршуулах зарчмаар ажилладаг тул янжуур тамхитай харьцуулахад зарим хорт бодисын ялгарал 35 хувиар бага байдаг гэж үйлдвэрлэгчдийн танилцуулгад дурдсан байдаг. Гэсэн хэдий ч, электрон тамхи нь олон төрлийн хэлбэр, бүтэцтэйгээр үйлдвэрлэгддэг бөгөөд никотины агууламж болон бусад нэмэлт бодисын хэмжээ нь бүтээгдэхүүнээс хамаарч харилцан адилгүй байдаг байна[5].

Зураг 1. Электрон тамхины бүтэц
Электрон тамхины шингэн нөөцлөгч хэсэг нь никотин эсвэл өөр төрлийн шингэнийг хадгалагч сав бөгөөд халаагч хэсэг нь уг шингэнийг халааж уур болгон хувиргадаг. Мэдрэгч хэсэг нь агаарын урсгалыг мэдэрч, системийг автоматаар асаах ба зай нь эрчим хүчээр хангах бөгөөд цэнэглэж болно. Төхөөрөмжийн ажиллагааг хянаж, мэдрэгчийг идэвхжүүлж, ууршуулах үйл явц болон лед гэрлийг микропроцессор зохицуулна.
Электрон тамхины найрлага:
- Никотин – донтуулах үйлчилгээтэй, өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжил, анхаарал төвлөрөлт, зан төлөвт сөргөөр нөлөөлдөг[6].
- Пропилен гликоль– электрон тамхинд уур бий болгоход ашигладаг бодис ба амьсгалын замын цочрол, нүд болон арьсны харшил, уушгины үрэвсэл үүсгэх эрсдэлтэй[7].
- Карсиноген нэгдлүүд – ацетилальдигид болон формальдегид нь хорт хавдар үүсгэгч химийн нэгдлүүд бөгөөд электрон тамхины уурт бага хэмжээгээр агуулагддаг. Судалгаагаар, электрон тамхины уурт агуулагдах формальдегид болон ацетальдегидийн түвшин нь янжуур тамхины утаатай харьцуулахад 9-450 дахин бага ч, эдгээр бодисууд нь хорт хавдар үүсгэх чадвартай[8].
- Бензол – бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
- Акролеин – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушгины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, уушгинд ноцтой үрэвсэл үүсгэх аюултай. Мөн нүд, амьсгалын замын салстыг цочроож үрэвсүүлдэг[9].
Диацетил – амт оруулагч бодисуудын нэг бөгөөд "попкорн уушги" хэмээх ховор, аюултай өвчнийг үүсгэж болзошгүй.
- Судалгаагаар электрон тамхинд диацетил болон 2,3-пентандион зэрэг амт оруулагч бодисууд илэрсэн эдгээр нь уушгины хүнд өвчин үүсгэх эрсдэлтэй.
- Диэтилен гликоль – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис. Хортой антифризийн бодис бөгөөд зарим хяналтгүй үйлдвэрлэгдсэн электрон тамхинд илэрсэн[10].
- Кадми (Cd) – уушгины архаг өвчин, хорт хавдар үүсгэгч хүнд металл
- Нарийн ширхэгт тоосонцор – уушгинд нэвтэрч, үрэвсэл үүсгэх, амьсгалын тоо бууруулах, зүрх судасны өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлс болдог[6].
Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө:
Электрон тамхи зах зээлд нэвтэрснээс хойш электрон тамхины хэрэглээ болон амьсгалын тогтолцооны өвчний хоорондын хамаарлыг тайлбарласан хэд хэдэн тохиолдлын судалгаа нийтлэгдсэн байдаг. 2019 онд АНУ-д электрон тамхины шалтгаант уушгины гэмтлийн олон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ өвчлөлийг EVALI (Electronic Cigarette and Vaping-Associated Lung Injury) хэмээн нэрлэсэн[11]. 2020 оны хоёрдугаар сард АНУ-ын 29 мужид электрон тамхи болон ижил төрлийн бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой уушгины хүнд хэлбэрийн гэмтлийн 2,807 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 68 хүн амь насаа алдсан байна. Нийт тохиолдлыг насны бүлгээр харьцуулахад 15% нь 18-аас доош насны хүүхэд, өсвөр үеийнхэн, 37.0% нь 18–24 насныхан, 24.0% нь 25–34 насныхан, 24.0% нь 35 ба түүнээс дээш насныхан байсан нь EVALI өвчлөл гол төлөв залуу насныхан дунд тархсан болохыг харуулж байна[12].
EVALI-тай өвчтөнүүдийн эмнэлзүйн болон рентген шинжилгээний өөрчлөлт:
Өвчтөнүүдийн дийлэнх хувьд амьсгаадах, ханиах, цээжээр өвдөх зэрэг амьсгалын замын шинж тэмдгүүд зонхилж илэрхээс гадна ходоод өвдөх, гэдэс дүүрэх, дотор муухайрах, халуурах, толгой өвдөх зэрэг шинжүүд илэрсэн байна. Лабораторийн шинжилгээнд цусны эозинофили нэмэгдэх, улаан эсийн тунах хурд ихсэх, макрофагууд илрэх зэрэг өөрчлөлтүүд гарсан байна.
Цээжний дүрс оношилгооны (рентген эсвэл компьютер томограф- СТ) шинжилгээгээр:
- Уушгины хоёр талд "ground-glass" буюу цагаан, бүдэг толботой бүдгэрэл ажиглагддаг. Энэ нь уушгины үрэвслийн нэг төрлийн шинж юм.
- Зарим тохиолдолд subpleural sparing буюу уушгины захын хэсэг (уушгины гадна ирмэг) харьцангуй хэвийн үлдэх шинж илэрдэг[11]

Зураг 2. Электрон тамхины зүрх судасны тогтолцоонд үзүүлэх нөлөө
Электрон тамхинд агуулагдах акролеин болон бусад хүнд металлын хэмжээ нь тухайн төхөөрөмжийн бүтэц, ороомгийн эсэргүүцэл, батарейны хүчдэл зэрэг хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгддөг. Эдгээр нь зүрх судасны тогтолцоонд үзүүлэх хорт нөлөөг тодорхойлох чухал үзүүлэлтүүд болдог. Тамхинд агуулагддаг хар тугалга, кадмий, хүнцэл зэрэг хүнд металлууд нь эсийн доторх уургийг исэлдүүлэх замаар судасны дотоод ханыг гэмтээж, улмаар зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Нарийн ширхэгт тоосонцрууд нь уушгинаас дамжин цусны эргэлтэд орж, зүрх судасны ханыг гэмтээх эрсдэлтэй бөгөөд үрэвсэл үүсгэж, исэлдэлтийн стрессийг нэмэгдүүлдэг тул цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, харвалт зэрэг эмгийг үүсгэхэд нөлөөлөх магадлалтай. Харин никотин нь судас агшаах нөлөө үзүүлдэг бөгөөд симпатик мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг өөрчилдөг. Энэхүү нөлөөлөл нь ялангуяа зүрх судасны архаг өвчтэй хүмүүс болон өндөр настнуудад сөрөг үр дагавар үзүүлдэг болох нь судалгаагаар ажиглагдсан байна[13].
Электрон тамхины хэрэглээ:
Бүгд Найрамдах Польш улсад 2017 онд гэхэд л 6.9 сая хүн электрон тамхи татсан байна. Одоогийн байдлаар электрон тамхины хэрэглэгчдийн тоо, ялангуяа залуучуудын дунд эрс нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд ахлах ангийн сурагчдын дунд электрон тамхины хэрэглээ сүүлийн 44 жилийн турш ямар ч бодисын хэрэглээнд бүртгэгдэж байгаагүй хамгийн огцом өсөлт болж бүртгэгджээ. Гэвч үүний хүний эрүүл мэндэд үзүүлэх урт болон богино хугацааны нөлөөллийг бүрэн судлаагүй, байхад худалдаанд гаргасан нь харамсалтай явдал юм[14].
2019 онд Турк улсад хийгдсэн өсвөр үе, залуучуудын дунд тамхины хэрэглээний байдлыг судлах зорилготой судалгаагаар сүүлийн 30 хоногийн хугацаанд электрон тамхи хэрэглэсэн өсвөр насныхны эзлэх хувь дунд сургуулийн сурагчдын дунд 10.5%, ахлах сургуулийн сурагчдын дунд 27.5% байгааг тогтоожээ. Энэхүү үзүүлэлт нь өмнөх жилүүдийн судалгааны үр дүнтэй харьцуулахад эрс өссөн болохыг илтгэж байна. Тухайлбал, 2011 онд тус үзүүлэлтүүд дунд сургуульд 0.6%, ахлах сургуульд 1.5% байсан бол 2017 онд дунд сургуульд 3.3%, ахлах сургуульд 11.7%, 2018 онд дунд сургуульд 4.9%, ахлах сургуульд 20.8% хүрч нэмэгдсэн байна[15].
Монгол улс ДЭМБ болон Америкийн Нэгдсэн Улсын Өвчин Судлалын Төвөөс хамтран боловсруулсан судалгааны нэгдсэн аргачлалаар “Дэлхийн залуучуудын тамхины судалгаа” (2019 он)-аар сурагчдын 14.1% нь одоогоор ямар нэгэн тамхи татдаг байна. Нийт сурагчдын 8.2% нь утаагүй тамхины бүтээгдэхүүн, 42.1% нь ямар нэг хэмжээгээр утаагүй тамхийг хэрэглэж үзсэн, 3.5% нь электрон тамхи хэрэглэж байгаа гэж хариулсан байна[16].
АНУ-д 2016 оны 7 сараас 2024 оны 4 сар хүртэлх хугацаанд насанд хүрэгчдийн дунд янжуур тамхи болон электрон тамхийг давхар хэрэглэх тархалтыг судалсан судалгааны үр дүнгээр, давхар хэрэглээний түвшин 3.5%-иас 5.2% болж өссөн байна. Тодруулбал, тамхи татдаг насанд хүрэгчдийн дунд электрон тамхи давхар хэрэглэж байгаа хувь нь 2016 оны 7 сараас 2021 оны 5 сар хүртэл харьцангуй тогтвортой, дунджаар 18.6% байсан бол 2024 оны 4 сар гэхэд огцом нэмэгдэж, 34.2%-д хүрсэн байна. Энэ өсөлт нь ялангуяа залуу насныхны дунд өндөр гарсан бөгөөд 18–24 насны бүлэгт давхар хэрэглээний хувь 19.6%-иас 59.4%-д хүрч огцом нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Энэхүү судалгаа нь АНУ-ын насанд хүрэгчдийн тамхи болон электрон тамхины хэрэглээний чиг хандлагыг урт хугацаанд шинжилж, залуу насныхны дунд давхар хэрэглээ эрс нэмэгдэж буйг онцолж байна. Үүний үр дагавраар олон төрлийн эрүүл мэндийн эрсдэл нэмэгдэх тул урьдчилан сэргийлэх, боловсрол олгох хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт чиглүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй байна[17].
Дүгнэлт
Олон улсын судалгааны үр дүнгээр электрон тамхины хэрэглээ өсвөр үе, залуучуудын дунд эрчимтэй нэмэгдэж, амьсгалын болон зүрх судасны өвчин, никотинд донтох эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж буйг дурдсан байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд манай улсын өсвөр насныхны электрон тамхины хэрэглээ, нөлөөлөх хүчин зүйлсийн талаар нарийвчлан судлах шаардлагатай байна.
Иймд электрон тамхи татдаг хүмүүсийн анхаарах 4 хүчин зүйл:
1. Электрон тамхи нь ердийн буюу утаат тамхийг орлуулагч биш;
2. Электрон тамхи нь зүрх уушгины өвчин, хавдар үүсгэх нөлөөтэй;
3. Электрон тамхи нь никотины хамаарлыг бууруулж чадахгүй;
4. Электрон тамхийг дамжуулан хэрэглэснээс вируст гепатит, сүрьеэ зэрэг халдварт өвчин дамжих - аюултай[18].
Ном зүй:
1. Buuveidulam A, Suvd S, Enkhmunkh E, Suvd B. Vaping and e-cigarettes: a new public health concern. Mongolian Medical Sciences 2023;203(1):59-65. http://wprim.whocc.org.cn/admin/article/articleDetail?WPRIMID=972371&articleId=985417
2. WHO report on the global tobacco epidemic 2019: offer help to quit tobacco use. https://www.who.int/publications/i/item/9789241516204 ‘
1. 3. Bekki K, Inaba Y, Uchiyama S, & Kunugita N. Comparison of chemicals in mainstream smoke from heat-not-burn tobacco and combustible cigarettes. 2017;39(3):201-207. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/28904270/ DOI: 10.7888/juoeh.39.201
3. Mikhail Shein, Gunnar Jeschke. Comparison of Free Radical Levels in the Aerosol from Conventional Cigarettes, Electronic Cigarettes, and Heat-Not-Burn Tobacco Products. 2019 Apr 1;32(6):1289–1298. https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC6584902/ doi: 10.1021/acs.chemrestox.9b00085
4. National Center for Chronic Disease Prevention and Health Promotion (US) Office on Smoking and Health. E-Cigarette Use Among Youth and Young Adults. 2016 https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK538680/
5. CDC, Health Effects of Vaping, JANUARY 31, 2025 HTTPS://WWW.CDC.GOV/TOBACCO/E-CIGARETTES/HEALTH-EFFECTS.HTML
6. G Wieslander, D Norback, T Lindgren. 2001 Oct;58(10):649–655. doi: 10.1136/oem.58.10.649 https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC1740047/
7. Maciej Lukasz Goniewicz, Jakub Knysak, Michal Gawron, Leon Kosmider, Andrzej Sobczak, Jolanta Kurek, Adam Prokopowicz, Magdalena Jablonska-Czapla, Czeslawa Rosik-Dulewska, Christopher Havel, Peyton Jacob 3rd, Neal Benowitz. Mar;23(2):133-9. doi: 10.1136/tobaccocontrol-2012-050859. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/23467656/
8. US Environmental Protection Agency, Toxicological review of acrolein, May 2003, https://iris.epa.gov/static/pdfs/0364tr.pdf
9. Joseph G Allen, Skye S Flanigan, Mallory LeBlanc, Jose Vallarino, Piers MacNaughton, James H Stewart, David C Christiani. Flavoring Chemicals in E-Cigarettes: Diacetyl, 2,3-Pentanedione, and Acetoin in a Sample of 51 Products, Including Fruit-, Candy-, and Cocktail-Flavored E-Cigarettes. 2016 Jun;124(6):733-9. doi: 10.1289/ehp.1510185. Epub 2015 Dec 8. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/26642857/
10. Marissa O’Callaghan, Niamh Boyle, Aurelie Fabre, Michael P Keane, Cormac McCarthy.Vaping-Associated Lung Injury: A Review. 2022 Mar 10;58(3):412. https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC8949983/. doi: 10.3390/medicina58030412
11. Meghan E Rebuli, Jason J Rose, Alexandra Noël, Daniel P Croft, Neal L Benowitz, Alan H Cohen, Maciej L Goniewicz, Brandon T Larsen, Noel Leigh, Matthew D McGraw, Anne C Melzer, Arthur L Penn, Irfan Rahman, Dona Upson, Laura E Crotty Alexander, Gary Ewart, Ilona Jaspers, Sven Eric Jordt, Seth Kligerman, Ceila E Loughlin, Rob McConnell, Enid R Neptune, Tran B Nguyen, Kent E Pinkerton, Theodore J Witek Jr. The E-cigarette or Vaping Product Use–Associated Lung Injury Epidemic: Pathogenesis, Management, and Future Directions: An Official American Thoracic Society Workshop Report. 2023 Jan 1;20(1):1–17. https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC9819258/. doi: 10.1513/AnnalsATS.202209-796ST
12. Kyriakos Dimitriadis, Krzysztof Narkiewicz, Ioannis Leontsinis, Dimitris Konstantinidis, Costas Mihas, Ioannis Andrikou, Costas Thomopoulos, Dimitrios Tousoulis, Konstantinos Tsioufis. Acute Effects of Electronic and Tobacco Cigarette Smoking on Sympathetic Nerve Activity and Blood Pressure in Humans. 2022, 19(6), 3237;. https://www.mdpi.com/1660-4601/19/6/3237?utm. doi.org/10.3390/ijerph19063237
13. Justyna Śniadach,Aleksandra Kicman, Anna Michalska-Falkowska, Kamila Jończyk, and Napoleon Waszkiewicz. Changes in Concentration of Selected Biomarkers of Exposure in Users of Classic Cigarettes, E-Cigarettes, and Heated Tobacco Products—A Narrative Review. 2025, 26(5), 1796;. https://www.mdpi.com/1422-0067/26/5/1796. https://doi.org/10.3390/ijms26051796
14. Aşkın Gülşen, Berat Uslu. Health Hazards and Complications Associated with Electronic Cigarettes: A Review. 2020 May;21(3):201–208. https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC7311157/. doi: 10.5152/TurkThoracJ.2019.180203
15. ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ. Дэлхийн залуучуудын тамхины хэрэглээ-2019, УБ хот, 2020 он, хуу 16-20.
16. Sarah E. Jackson, Sharon Cox, Lion Shahab, Jamie Brown. Trends and patterns of dual use of combustible tobacco and e-cigarettes among adults in England: A population study, 2016–2024. 22 January 2025. https://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/add.16734. https://doi.org/10.1111/add.16734
17. Гамбарян М.Г. Вся правда об электронных сигаретах: российская реальность. Часть I. Электронные сигареты — угроза для людей и антитабачной политики в России. Актуальность правового регулирования. 2019, vol. 22, no5, pp. 7-15. https://www.mediasphera.ru/issues/profilakticheskaya-meditsina/2019/5/downloads/ru/1230549482019051007. https://doi.org/10.17116//profmed2019220517
Ашигласан зураг
